Зехариа
4 Надтай ярьж байсан тэнгэрийн элч эргэж ирээд хэн нэгнийг нойрноос нь сэрээх мэт намайг сэрээв. 2 Тэгээд надад «Чамд юу харагдаж байна вэ?» гэлээ.
Тэгэхэд нь би: «Орой дээрээ жижиг савтай цул алтан дэнгийн суурь харагдаж байна. Дээр нь долоон дэн байна, тийм ээ, долоо байна. Дэнгийн суурин дээрх долоон дэн долоон хоолойтой* байна. 3 Дэнгийн суурийн хажууд хоёр чидун мод, нэг нь баруун талд, нөгөө нь зүүн талд нь байна» гэж хэлэв.
4 Тэгээд надтай ярьж байгаа тэнгэрийн элчээс би: «Эзэнтэн минь, эдгээр нь ямар учиртай юм бэ?» гэж асуухад 5 тэнгэрийн элч надад «Эдгээр нь ямар учиртайг чи мэдэхгүй юү?» гэлээ.
Би: «Мэдэхгүй, эзэнтэн минь» гэж хариуллаа.
6 Тэгэхэд тэрбээр надад «Ехова Зеруббабелд ийн хэлж байна. “«Энэ бүхэн цэргийн хүч, хүний хүч чадлаар биш, харин миний агуу хүчээр бүтнэ» гэж Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би айлдаж байна. 7 Агуу уул аа, чи хэн юм бэ? Чи Зеруббабелын өмнө тал газар болно. Сүмийн орой дээрх чулууг тэр авчрах бөгөөд хүмүүс: «Ямар гайхалтай юм бэ! Ямар гайхалтай юм бэ!» гэж хашхиралдана”» гэж хэлэв.
8 Ехова дахин надад үгээ айлдан 9 «Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавина. Тэрбээр өөрийнхөө гараар барьж дуусгана. Намайг та нар луу Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова илгээснийг ийнхүү та нар мэдэх болно. 10 Багаас эхэлснийг жигших хүн байна гэж үү? Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг* хараад баярлах цаг ирнэ. Эдгээр долоо нь Еховагийн мэлмий бөгөөд дэлхий даяар ажиглан харсаар байдаг» гэв.
11 Тэгээд би түүнээс «Дэнгийн суурийн баруун, зүүн талд байгаа хоёр чидун мод ямар учиртай вэ?» гэж асуулаа. 12 Бас би хоёр дахь удаагаа «Хоёр алтан хоолойгоор алтан шингэн урсгаж буй хоёр чидун модны мөчрүүд* ямар учиртай вэ?» гэж асуулаа.
13 Тэгэхэд надаас «Чи ямар учиртайг нь мэдэхгүй юү?» гэж асуув.
Би түүнд «Мэдэхгүй, эзэнтэн минь» гэхэд
14 тэрбээр: «Эдгээр нь даян дэлхийн Эзэнтэй хамт зогсож байгаа хоёр тослогдогсдыг төлөөлж байгаа юм» гэлээ.