Зехариа
12 Тунхаглал:
Тэнгэрийг дэлгэж,
Газар дэлхийн суурийг тавьсан,
Хүнд амийн хүчийг* өгөгч Нэгэн болох
Ехова ийн тунхаглаж байна. «Ехова би Израилын талаар ингэж хэлье.
2 Би Иерусалимыг эргэн тойрныхоо бүх үндэстнийг гуйвуулан дайвуулагч дарстай аяга болгоно. Иуда Иерусалим хоёр хоёулаа бүслэгдэнэ. 3 Тэр өдөр би Иерусалимыг бүх үндэстний хувьд хүнд чулуу мэт болгох бөгөөд түүнийг өргөх гэсэн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстэн Иерусалим руу довтлохоор цуглана. 4 Тэр өдөр би хүлэг морь бүрийг самууруулж, тэдгээрийг унасан хүмүүсийг галзууруулна. Би Иудагийн ард олныг анхааран харах боловч үндэстнүүдийн морь бүрийг сохор болгоно» гэж Ехова тунхаглаж байна. 5 Мөн тэрбээр: «Иудагийн ахлагчид* дотроо “Иерусалимын оршин суугчид бол бидний хүч чадал. Учир нь Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова тэдний Бурхан билээ” гэж бодно. 6 Би тэр өдөр Иудагийн ахлагчдыг модон дундах улайссан нүүрс мэт, хадаад эгнүүлэн тавьсан тариан дундах галт бамбар мэт болгоно. Тэд баруун, зүүн тал дахь эргэн тойрныхоо бүх үндэстнийг түймэрдэнэ. Иерусалимын оршин суугчид дахин өөрсдийнхөө хот Иерусалимд оршин сууна.
7 Ехова би эхлээд Иудагийн майхнуудыг аварна. Тэгснээр Давидын удмынхан болон Иерусалимын оршин суугчид Иудагийн бусад хүнээс илүү алдар хүндтэй болохгүй. 8 Тэр өдөр Ехова би Иерусалимын оршин суугчдыг хамгаална. Тэр өдөр, тэдний дундах бүдэрсэн нэгэн* нь Давид мэт байна. Давидын ургийнхан Бурхан мэт, ард олны өмнө явдаг Еховагийн тэнгэрийн элч мэт байна. 9 Би бас тэр өдөр Иерусалим руу довтолдог бүх үндэстнийг заавал устгана.
10 Би Давидын ургийнхан болон Иерусалимын оршин суугчид дээр агуу хүчээ цутгана. Тэд миний сайшаалыг хүлээж, надад гуйлт хүсэлтээ хэлнэ. Тэд жадалсан хүнээ харах бөгөөд ганц хүүгийнхээ хойноос гашуудах мэт цурхиран уйлна. Ууган хүүгийнхээ хойноос гашуудах мэт түүний хойноос тэд харуусан гашуудна. 11 Мегиддогийн талын Хададриммонд хүмүүс цурхиран уйлж байсантай адил тэр өдөр Иерусалимд асар их уйлаан майлаан болно. 12 Газар нутаг даяар ураг бүр цурхиран уйлна. Давидын ургийнхан тусдаа, тэдний эмэгтэйчүүд тусдаа, Натаны ургийнхан тусдаа, тэдний эмэгтэйчүүд тусдаа, 13 Левигийн ургийнхан тусдаа, тэдний эмэгтэйчүүд тусдаа, шимеичүүдийн ургийнхан тусдаа, тэдний эмэгтэйчүүд тусдаа цурхиран уйлна. 14 Бусад бүх ураг тус тусдаа, эмэгтэйчүүд нь тус тусдаа цурхиран уйлна.