Зехариа
13 Тэр өдөр Давидын ургийнхан болон Иерусалимын оршин суугчдын гэм нүгэл, бузар булайг нь цэвэрлэн ариусгах худаг ухаж гаргана» гэв.
2 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова ингэж тунхаглаж байна. «Тэр өдөр би газар нутгаас нь шүтээнүүдийн нэрсийг арилгана. Тэд дахин дурсагдахгүй. Би газар нутгаас нь зөнчид болон бузар муу хүчийг зайлуулна. 3 Хэрэв дахин хэн нэг хүн зөгнөвөл төрсөн эцэг эх нь түүнд “Чи Еховагийн нэрийг барьж худал ярьсан учраас амьд явах учиргүй” гэж хэлнэ. Зөгнөснөөс нь болоод түүнийг төрсөн эцэг эх нь нэвт сүлбэнэ.
4 Тэр өдөр зөнч бүр үзсэн үзэгдлээ хүмүүст ярьж байхдаа ичнэ. Тэд хүмүүсийг хуурч мэхлэхдээ өмсдөг үслэг хувцсаа өмсөхгүй. 5 Зөнч бүр: “Би зөнч биш ээ, хөрс боловсруулдаг хүн. Намайг залуу байхад нэг хүн боолоо болгож худалдаж авсан юм” гэнэ. 6 Хэрвээ хүн түүнээс “Хоёр мөрний чинь хоорондох шарх* ямар учиртай юм бэ?” гэж асуувал тэрбээр: “Би найзуудынхаа гэрт байхдаа энэ шархыг олсон юм” гэж хариулна» гэв.
7 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова: «Илдтэй хүмүүс ээ, сэрэгтүн!
Миний хоньчин руу, миний анд найз руу довтол.
Хоньчин руу дайрч, хонин сүргийг нь тараа.
Би өчүүхэн дорд хүмүүс рүү гараа далайна» гэж тунхаглаж байна.
8 Мөн Ехова ингэж тунхаглаж байна.
«Нутгийн оршин суугчдын гуравны хоёр нь алуулж,
Гуравны нэг нь нутагтаа үлдэнэ.
9 Алт мөнгийг галаар цэвэршүүлдэг шиг
Би тэдгээр үлдсэн хүмүүсийг цэвэр ариун болгоно.
Тэд миний нэрийг дуудаж,
Би тэдэнд хариулна.
Би тэднийг “Тэд бол миний ард түмэн” гэх бөгөөд
Тэд: “Ехова бол бидний Бурхан” гэх болно».