Езекиел
46 «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Дотоод хашааны зүүн зүг рүү харсан их үүд ажлын зургаан өдөр хаалттай байх ёстой. Харин Амралтын өдөр, шинэ сар гарах өдөр нээнэ. 2 Удирдагч гаднаас энэ их үүдний танхимаар орж ирэн хаалганы хатавчны дэргэд зогсоно. Тахилч нар түүний авчирсан шатаалт тахил, эвийн тахилыг өргөнө. Удирдагч хаалганы босгон дээр мэхийн ёслоод гадагш гарна. Харин хаалгыг үдэш болтол хааж болохгүй. 3 Нутгийн ард түмэн бас Амралтын өдөр, шинэ сар гарах өдөр их үүдний орох хэсэгт Еховагийн өмнө мэхийн ёсолно.
4 Удирдагч Амралтын өдөр Еховад шатаалт тахил болгон өргөхөөр согоггүй зургаан эр хурга, согоггүй нэг хуц авчирна. 5 Хуцыг нэг ефа* идээн өргөлтэй хамт өргөнө. Эр хургануудтай хамт өргөх идээн өргөлийг чадлынхаа хэрээр өгнө. Нэг ефа идээн өргөлтэй хамт нэг хин* тос өргөнө. 6 Шинэ сар гарах өдөр өргөх тахилд согоггүй нэг залуу бух, зургаан эр хурга, нэг хуц байна. Бүгд согоггүй байх ёстой. 7 Тэрбээр залуу бухыг нэг ефа идээн өргөлтэй, хуцыг нэг ефа идээн өргөлтэй өргөх ба эр хургануудтай хамт өргөх идээн өргөлийг чадлынхаа хэрээр гаргах ёстой. Нэг ефа идээн өргөлтэй хамт нэг хин тос өргөнө.
8 Удирдагч орж ирэхдээ их үүдний танхимаар нэвтрэх бөгөөд явахдаа мөн түүгээр гарна. 9 Нутгийн ард олон баярын үеэр Еховаг шүтэхээр ирэхдээ хойд их үүдээр орсон бол өмнөд их үүдээр гарах ёстой. Өмнөд их үүдээр орсон бол хойд их үүдээр гарах ёстой. Орсон үүдээрээ гарч болохгүй. Эсрэг талын их үүдээр гарах ёстой. 10 Тэдэнтэй хамт байх удирдагч тэднийг орж ирэхэд орж ирээд, гарч явахад нь гарч явах ёстой. 11 Баярын үеэр болон баярын улирлаар өргөх идээн өргөл нь нэг залуу бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа байна. Эр хургануудтай хамт өргөх идээн өргөлийг чадлынхаа хэрээр гаргах ёстой. Нэг ефа идээн өргөлтэй хамт нэг хин тос өргөнө.
12 Удирдагч шатаалт тахил юм уу эвийн тахилыг Еховад сайн дурын өргөл болгон өргөхөөр ирвэл зүүн тийшээ харсан их үүдийг түүнд нээж өгнө. Тэрбээр шатаалт тахил болон эвийн тахилаа Амралтын өдөр өргөдөг шигээ өргөнө. Түүнийг гарч явахад араас нь их үүдийг хаана.
13 Еховад өргөх шатаалт тахилд зориулж нэг настай согоггүй эр хургыг өдөр бүр өгөх ёстой. Өглөө болгон ингэнэ. 14 Үүний зэрэгцээ өглөө бүр зургааны нэг ефа идээн өргөлийг сайн чанарын гурил дээр асгах гуравны нэг хин тостой хамт өргөнө. Энэ нь Еховад тогтмол өргөдөг идээн өргөл байх юм. Энэ бол мөнхийн тогтоол. 15 Тэд эр хурга, идээн өргөл, тосыг өглөө бүр тогтмол өргөдөг шатаалт тахил болгон өргөх ёстой”.
16 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Удирдагч бүх хүүдээ газар өвлүүлбэл тэр нь тэдний өмч болно. Энэ бол тэдний өвлөж авсан эзэмшил юм. 17 Харин боолдоо газар өгвөл энэ нь чөлөөлөлтийн жил хүртэл боолынх байна. Дараа нь удирдагчид буцаж очно. Зөвхөн хөвгүүд нь өвлөсөн зүйлээ үүрд эзэмшинэ. 18 Удирдагч хүн ард иргэдийг өв болсон эзэмшил газраас нь хүчээр гаргаж газрыг нь өөртөө авч болохгүй. Тэрбээр өөрийн өмчийн газрыг хөвгүүддээ өвлүүлнэ. Тэгвэл миний ард түмний дундаас нэг ч хүн эзэмшлээсээ хөөгдөхгүй”».
19 Дараа нь тэр намайг их үүдний хажууд байх тахилчдад зориулсан хоолны ариун танхимууд руу ордог хаалгаар оруулав. Энэ танхимууд хойшоо харсан ажээ. Цаана нь буюу баруун талд нь нэгэн газар байхыг би харсан. 20 Тэрбээр надад «Тахилчид гаднах хашаа руу юу ч авч гарахгүй, ард олонд ариун байдлыг дамжуулахгүйн* тулд энд гэмийн ба нүглийн тахилын махыг чанаж, идээн өргөлийг жигнэх юм» гэж хэлэв.
21 Тэр намайг гаднах хашаанд гаргаж дөрвөн буланд нь аваачихад гаднах хашааны булан бүрд хашаа байлаа. 22 Хашааны дөрвөн булан тус бүрд 40 тохой* урт, 30 тохой өргөн жижиг хашаа байв. Дөрвүүлээ ижилхэн хэмжээтэй ажээ*. 23 Хашааны доторх ханыг тойруулаад догол* гаргасан бөгөөд доголын ёроолоор тахилын малын махыг чанах газар хийжээ. 24 Тэрбээр надад «Эдгээр байшинд сүмийн үйлчлэгчид хүмүүсийн авчирсан тахилын махыг чанах юм» гэж хэлэв.