Езекиел
45 “Та нар газрыг өв болгож хуваахдаа ариун хувийг Еховад хандивла. Урт нь 25 000 тохой*, өргөн нь 10 000 тохой байх ёстой. Энэ газар нь бүхэлдээ ариун хувь байх юм. 2 Үүн дотор хааш хаашаа 500 тохой тэг дөрвөлжин талбайг ариун газарт зориулан гарга. Эргэн тойронд нь 50 тохой өргөн бэлчээр байх ёстой. 3 Энэхүү хэмжсэн газраас 25 000 тохой урт, 10 000 тохой өргөнийг хэмж. Тэнд сүм буюу хамгийн ариун зүйл байх юм. 4 Энэ нь Еховад ойртон түүнд үйлчилдэг сүмийн үйлчлэгчид болох тахилчдын ариун хувь байх болно. Мөн тэдний байшингууд болон сүмд зориулсан ариун газар байх юм.
5 Сүмд үйлчилдэг левичүүдэд 25 000 тохой урт, 10 000 тохой өргөн газрыг хувь болгон өгнө. Тэд хоолны 20 танхимыг эзэмшинэ.
6 Урт нь (ариун хандивынхтай адил) 25 000 тохой, өргөн нь 5 000 тохой талбайг эзэмшил болгож хотод өг. Энэ нь Израилын бүх ард түмнийх байх юм.
7 Удирдагч нь ариун хандив ба хотод хуваарилагдсан талбайн хоёр талд газар эзэмшинэ. Энэ нь ариун хандив ба хотын эзэмшлийн хажууд буюу баруун, зүүн талд нь байх юм. Баруун захаас зүүн зах хүртэлх урт нь овгуудад оногдсон хувьтай ижил. 8 Энэ газар нь Израил дахь түүний эзэмшил болно. Миний томилсон удирдагчид хойшид ард түмэнтэй минь зүй бусаар харьцахгүй. Тэд Израилын ард түмэнд овог овгоор нь газар өгнө”.
9 “Израилын удирдагчид аа, та нар арай дэндэж байна!” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
“Та нар хүч хэрэглэх, дарлан мөлжих явдлаа зогсоо. Шударга байж, зөвийг үйлд. Ард түмний минь газрыг булааж авахаа боль” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 10 “Та нар зөв жинлүүр, зөв ефа*, зөв баттай* байх ёстой. 11 Ефа болон батын хэмжээ тогтвортой байх ёстой. Бат нь хомерын* аравны нэг, ефа нь хомерын аравны нэг байна. Хомер нь жишиг хэмжүүр юм. 12 Нэг шекел* нь 20 гератай* тэнцүү. 20 шекел, 25 шекел, 15 шекел нь нийлээд нэг мане* болно”.
13 “Та нарын өргөх хандив нь ийм байна. Хомер буудай болгоноос ефагийн зургааны нэг, хомер арвай болгоноос ефагийн зургааны нэгийг өргөнө. 14 Хандивын тосыг батаар хэмжинэ. Бат нь корын* аравны нэг, арван бат нь нэг хомер. Учир нь арван бат нь нэг хомертой тэнцдэг. 15 Мөн Израилын хонин сүргээс хандивлана. Ингэхдээ 200 хонь тутмаас нэг хонь өгнө. Эдгээр нь ард түмнийг нүглээс нь ариусгаж цэвэрлэхийн тулд өргөдөг идээн өргөл, шатаалт тахил, эвийн тахил байх болно” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
16 “Нутгийн бүх ард түмэн энэхүү хандивыг Израилын удирдагчид авчирна. 17 Удирдагч нь баяр ёслол, шинэ сар гарах өдөр, Амралтын өдөр, Израил түмний бүх баярын өдрөөр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хариуцна. Тэрбээр Израилын ард түмнийг нүглээс нь ариусгаж цэвэрлэхийн тулд нүглийн тахил, идээн өргөл, шатаалт тахил, эвийн тахилд хэрэглэх бүх зүйлээр хангана”.
18 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Эхний сарын эхний өдөр сүрэг дотроос согоггүй залуу бухыг шилж аваад ариун газрыг нүглээс цэвэрлэн ариусга. 19 Тахилч нүглийн тахилын цуснаас авч сүмийн хаалганы хатавч, тахилын ширээний тавцангийн дөрвөн булан, дотоод хашааны их үүдний хатавчинд нялна. 20 Алдаанаасаа эсвэл мэдэхгүйгээсээ болж нүгэл үйлдсэн хүн бүрийн төлөө тэр сарын 7-ны өдөр бас дээрхийг үйлд. Тийнхүү та нар сүмийг цэвэрлэн ариусгах юм.
21 Эхний сарын 14-ний өдөр Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэ. Исгээгүй талх долоо хоног ид. 22 Удирдагч тэр өдөр өөрийнхөө болон нутгийн ард олны төлөө нүглийн тахил болгож залуу бух өгнө. 23 Тэрбээр Еховад зориулж шатаалт тахилын төлөө согоггүй долоон залуу бух, согоггүй долоон хуцыг баярын долоо хоногийн хугацаанд өдөр бүр хангаж өгнө. Мөн нүглийн тахилд өдөр бүр нэг ухна өгнө. 24 Мөн залуу бух бүрд 1 ефа үр тариа, хуц бүрд 1 ефа үр тариа, ефа бүрд 1 хин* тосыг идээн өргөл болгохоор хангаж өгнө.
25 Долоо дахь сарын 15-ны өдрөөс эхлэн баярын долоо хоногийн турш тэрбээр нүглийн тахил, шатаалт тахил, идээн өргөлд хэрэгтэй бүхнийг гаргахын зэрэгцээ тосоор хангана”».