Езекиел
43 Дараа нь тэр намайг зүүн зүг рүү харсан их үүд рүү аваачив. 2 Израилын Бурхны суу алдар зүүн зүгээс гэрэлтэн цацарсаар ирэхийг би харлаа. Дуу хоолой нь ширүүн урсгалтай усны шуугиан мэт байв. Түүний суу алдар газар дэлхийг гийгүүллээ. 3 Миний харсан зүйл өмнө нь үзсэн үзэгдэлтэй ижил байв. Тэр үед би* хотыг устгахаар ирж байсан билээ. Мөн энэ нь Хебар голын дэргэд үзсэн үзэгдэл шиг байв. Би газар харуулдан уналаа.
4 Дараа нь Еховагийн суу алдар зүүн зүг рүү харсан их үүдээр сүмд* орлоо. 5 Агуу хүч* намайг өргөж дотоод хашаанд авчрахад сүм Еховагийн суу алдраар дүүрсэн байхыг би харав. 6 Тэгтэл сүмээс нэг хүн надад юм хэлэхийг би сонслоо. Тэр хүн ирээд миний хажууд зогсов. 7 Тэгээд надад хэлсэн нь:
«Хүний хүү минь, энэ бол миний сэнтий байдаг газар, хөлөө тавьдаг газар минь юм. Энд би Израилын ард түмний дунд үүрд байх болно. Израилчууд миний ариун нэрийг гутаахаа болино. Тэд ч, хаад нь ч надаас урвахгүй*. Үхсэн хаадынхаа цогцсоор нэрийг минь бузарлахгүй. 8 Тэд босгоны минь дэргэд өөрсдийнхөө босгыг тавьж, хатавчны минь дэргэд өөрсдийнхөө хатавчийг босгосон. Биднийг ганц л хана тусгаарлаж байх үед тэд ариун нэрийг минь жигшүүрт хэргээрээ гутааж байлаа. Тиймээс би уурлан хилэгнэж тэднийг хүйс тэмтэрсэн билээ. 9 Одоо тэд надаас урвахаа* больж, хаадынхаа цогцсыг надаас холдуулаг. Тэгвэл би тэдний дунд үүрд байх болно.
10 Хүний хүү минь, чи израилчуудад сүмийн тухай ярьж өг. Тэд гэм нүглээсээ ичиг. Тэгээд зураг төслийг нь судлаг*. 11 Хэрэв тэд хийсэн бүхнээсээ ичвэл чи тэдэнд сүмийн зураг төсөл, зохион байгуулалт, орох, гарах хэсгүүдийг үзүүл. Сүмийн бүх зураг төсөл, тогтоол, хуулийг үзүүлж тэдний нүдэн дээр бичиж тэмдэглэ. Тэгвэл тэд зураг төслийг анхаарч, тогтоолыг мөрдөнө. 12 Сүмийн хууль нь энэ юм. Уулын орой дээрх газар бүхэлдээ хамгийн ариун. Энэ бол сүмийн хууль.
13 Тахилын ширээг жирийн тохойноос нэг алганы энгээр урт тохойгоор* хэмжихэд ийм байна. Суурийн өндөр нь 1 тохой, доод тавцангаас илүү гарсан хэсэг нь 1 тохой. Суурийн ирмэгийг хүрээлсэн хашлагын өргөн нь 1 төө*. Энэ бол тахилын ширээний суурь юм. 14 Суурин дээр байрлуулсан доод тавцангийн өндөр нь 2 тохой, дээд тавцангаас илүү гарсан хэсэг нь 1 тохой. Дээд тавцангийн өндөр нь 4 тохой, зуухнаас илүү гарсан хэсэг нь 1 тохой. 15 Тахилын ширээний зуухны өндөр нь 4 тохой. Зуухнаас дөрвөн эвэр дээш цухуйсан. 16 Зуух нь тэг дөрвөлжин, урт нь 12 тохой, өргөн нь 12 тохой. 17 Тавцангийн дөрвөн талыг хэмжихэд урт нь 14 тохой, өргөн нь 14 тохой байв. Ирмэгийг нь хүрээлсэн хашлагыг хэмжихэд хагас тохой. Тахилын ширээний суурь нь доод тавцангаас 1 тохой илүү гарсан.
Шат нь зүүн зүг рүү харсан байгаа».
18 Тэрбээр мөн надад хэлсэн нь: «Хүний хүү минь, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Тахилын ширээг хийсний дараа шатаалт тахил өргөж, цус цацах үед мөрдөх заавар нь энэ юм” гэж айлдаж байна.
19 “Надад үйлчлэхээр ойртон ирдэг Задокийн удмын леви тахилчдад чи нүглийн тахил болгож залуу бух өг” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 20 “Цуснаас нь авч тахилын ширээний дөрвөн эвэр, тавцангийнх нь дөрвөн булан, ирмэгийг нь хүрээлсэн хашлагад нял. Ийнхүү тахилын ширээг нүглээс цэвэрлэж ариусга. 21 Дараа нь нүглийн тахилын залуу бухыг авч сүмийн барилгын гадна талд, тусгайлан заасан газар шатаа. 22 Хоёр дахь өдөр нь согоггүй ухныг нүглийн тахил болгон өргө. Тэд залуу бухаар тахилын ширээг нүглээс цэвэрлэсний адил цэвэрлэнэ”.
23 “Тахилын ширээг нүглээс цэвэрлэж дуусгаад согоггүй залуу бух, согоггүй хуц нэг нэгийг сүргээс авч өргө. 24 Чи тэднийг Еховад авчрахад тахилчид тэдэн дээр давс цацаад шатаалт тахил болгон Еховад өргөнө. 25 Чи долоо хоногийн турш өдөр бүр нүглийн тахил болгон нэг ухныг өргө. Мөн залуу бух, хуц нэг нэгийг сүргээс авч өргө. Бүх мал согоггүй* байх ёстой. 26 Тэд тахилын ширээг долоо хоног ариусгаж, цэвэрлэн, тахил өргөхөд бэлэн болгох ёстой. 27 Үүний дараа найм дахь өдрөөс эхлэн та нарын* шатаалт тахил, эвийн тахилыг тахилчид тахилын ширээн дээр өргөнө. Тэгээд би та нарыг таалан соёрхоно” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».