Езекиел
42 Дараа нь тэрбээр намайг хойшоо, гаднах хашаанд аваачиж, сүмийн баруун талын барилгын хойтох залгаа барилгын хоолны танхимуудтай хэсэгт орууллаа. Тэдгээр танхим хоосон зайн хажууд байх аж. 2 Хоолны танхимуудтай хэсгийг хойд үүднээс хэмжихэд урт нь 100 тохой*, өргөн нь 50 тохой байлаа. 3 Энэ барилга нь дотоод хашаа (өргөн нь 20 тохой) болон гаднах хашааны засмал замын хооронд байх бөгөөд гурван давхар хоёр байшингаас бүрдэх ажээ. Тагтнууд нь бие биетэйгээ харалдаа байв. 4 Хоёр байшингийн хоорондох явган хүний зам нь 10 тохой өргөн, 100 тохой* урт. Хоолны танхимуудын* үүд нь хойшоо харжээ. 5 Дээд давхрын хоолны танхимууд доод, дунд давхрынхаасаа нарийхан байлаа. Учир нь тагтнууд нь их зай эзэлж байсан юм. 6 Энэ хоёр байшин гурван давхар. Гэвч хашааных шиг баганууд энэ барилгад байхгүй. Тийм учраас доод, дунд давхрынхыг бодвол дээд давхрын танхимууд зай багатай аж.
7 Гаднах хашаан талын хоолны танхимуудтай залгаа бөгөөд нөгөө талын хоолны танхимуудын харалдаа чулуун хэрмэн хашаа байлаа. Урт нь 50 тохой. 8 Гаднах хашаан талын хоолны танхимуудын урт нь 50 тохой, ариун газрын талынх нь 100 тохой. 9 Хоолны танхимууд руу гаднах хашаанаас зүүн хаалгаар орж ирнэ.
10 Зүүн тийшээ харсан чулуун хэрмэн хашаан дотор, хоосон зай болон барилгын* хажууд бас хоолны танхимууд байв. 11 Тэдгээрийн өмнө, хоолны хойд танхимуудынх шиг явган хүний зам байлаа. Урт өргөн, орц гарц, хэлбэр бүтэц нь бүгд ижилхэн ажээ. Хойд танхимуудын үүднүүд 12 урд хоолны танхимуудынхтай адилхан. Зүүн талын чулуун хэрмэн хананы өмнө үүд байх ба хүн түүгээр ороод явган хүний зам дээр гарна.
13 Тэрбээр надад хэлсэн нь: «Хоосон зайн хажуудах хоолны хойд ба урд танхимууд бол Еховад үйлчлэхээр ирдэг тахилчдын хоолны ариун танхим юм. Тэд тэнд хамгийн ариун өргөлөөс иддэг. Энэ газар нь ариун учраас хамгийн ариун өргөл, идээн өргөл, нүглийн тахил, гэмийн тахилыг тавьдаг. 14 Тахилчид ариун газрууд руу орсон бол гаднах хашаа руу гарахдаа үйлчлэлд өмсөж байсан хувцсаа эхлээд тайлах ёстой. Учир нь тэдгээр нь ариун юм. Энгийн ардын орж болдог газарт очихдоо тэд хувцсаа солино».
15 Мөнөөх хүн сүмийн цогцолборыг хэмжиж дуусаад намайг зүүн зүг рүү харсан их үүдээр гаргав. Тэгээд тэр хавийг бүхэлд нь хэмжлээ.
16 Тэрбээр хэмжигч зэгсээр* зүүн талыг хэмжихэд нэг захаас нөгөө зах хүртэл хэмжигч зэгсний дагуу 500 зэгс болов.
17 Хойд талыг хэмжихэд, хэмжигч зэгсний дагуу 500 зэгс байлаа.
18 Урд талыг хэмжихэд, хэмжигч зэгсний дагуу 500 зэгс байлаа.
19 Дараа нь баруун талд очиж хэмжигч зэгсээр хэмжихэд урт нь 500 зэгс болов.
20 Тэр хавийг дөрвөн талаас нь хэмжсэн юм. Эргэн тойрондоо хэрмэн хашаатай бөгөөд урт нь 500 зэгс, өргөн нь 500 зэгс ажээ. Ариун газрыг жирийн газраас тусгаарлаж уг хашааг босгосон байв.