Езекиел
41 Өнөөх хүн намайг Ариун газарт* аваачаад хоёр хатавчны зузааныг хэмжихэд тус бүр 6 тохой* болов. 2 Үүдний хэсгийн өргөн нь 10 тохой, хоёр хатавчны урт нь тус бүр 5 тохой. Ариун газрыг хэмжихэд урт нь 40 тохой, өргөн нь 20 тохой байв.
3 Тэрбээр дотогш* орж хатавчны зузааныг хэмжихэд 2 тохой, үүдний хэсгийн өргөн нь 6 тохой, хатавчны урт нь 7 тохой байлаа. 4 Дараа нь тэрбээр Ариун газар луу харсан өрөөг хэмжихэд урт нь 20 тохой, өргөн нь 20 тохой байлаа. Тэгээд надад «Энэ бол Ариунаас ариун газар» гэв.
5 Дараа нь сүмийн ханыг хэмжихэд зузаан нь 6 тохой байлаа. Ариун газрыг тойрсон тасалгаануудын өргөн нь 4 тохой ажээ. 6 Тэр тасалгаанууд нь дээр дээрээ байрласан гурван давхар бөгөөд давхар бүрдээ 30 тасалгаатай. Ариун газрын хана эргэн тойрондоо ховилтой бөгөөд тэрхүү ховилуудад тасалгаануудын шалыг тулгуурлан тавьжээ. Тиймээс тасалгаануудын шал ариун газрын хананд нэвтэрч ороогүй юм. 7 Ариун газрын хоёр талд дугуйрсан шат байна. Дээд тасалгаанууд руу өгсөх тусам шат өргөсдөг. Доод давхраас дунд давхраар дамжин дээд давхар луу өгсөхийн хэрээр тасалгаанууд илүү өргөн болж байлаа.
8 Миний харснаар сүм өндөр тавцан дээр байрлах ба тасалгаануудын суурийн* өндөр нь 1 зэгс буюу 6 тохой байв. 9 Тасалгаануудын гаднах хананы зузаан нь 5 тохой. Сүмийн нэг хэсэг болсон тасалгаануудын хананаас тавцангийн ирмэг хүртэл хоосон зай* байлаа.
10 Сүмийн хоёр талаар хоолны танхимууд* байна. Сүмээс хоолны танхим хүртэл 20 тохой зайтай. 11 Тавцангийн хоосон зайнаас тасалгаанууд руу хоёр газраар орж болох бөгөөд нэг нь хойд, нөгөө нь урд талд байх ажээ. Сүмийг тойрсон хоосон зайны өргөн нь 5 тохой.
12 Хоосон зай руу харсан баруун талын барилгын өргөн нь 70 тохой, урт нь 90 тохой, хананых нь зузаан нь 5 тохой.
13 Тэр хүн сүмийн уртыг хэмжихэд 100 тохой болов. Хоосон зай, барилга, барилгын* ханыг хэмжихэд мөн л 100 тохой боллоо. 14 Сүмийн нүүрэн тал зүүн зүг рүү харсан бөгөөд өргөнийг нь хоёр талын хоосон зайтай хэмжихэд 100 тохой байв.
15 Сүмийн ар талын хоосон зай руу харсан барилгын урт нь хоёр талын хонгилтойгоо нийлээд 100 тохой аж.
Тэрбээр Ариун газар, Ариунаас ариун газар болон хашаа руу харсан үүдний танхимыг, 16 мөн энэ гурван газрын босгонууд, дотогш тэлж өргөссөн хүрээтэй цонхнууд, хонгилуудыг хэмжлээ. Босгоны ойролцоо, шалнаас цонх хүртэл модон хавтантай аж. Цонхнуудыг таглажээ. 17 Үүдний дээд хэсэг, сүмийн дотор, гадна тал, бүх ханыг нь хэмжив. 18 Херубууд болон дал модыг сийлсэн байх бөгөөд хоёр херубын дунд нэг дал мод байлаа. Херуб бүр хоёр нүүртэй ажээ. 19 Хүний нүүр нь нэг талын дал мод руу, арслангийн нүүр нь нөгөө талын дал мод руу харсан. Сүм тэр чигээрээ ийм сийлбэртэй байлаа. 20 Сүмийн шалнаас үүдний дээд хэсэг хүртэлх ханан дээр херуб болон дал мод сийлээстэй байв.
21 Сүмийн хатавч* нь дөрвөлжин. Ариун газрын* урд талд 22 тахилын модон ширээ шиг зүйл байх ба өндөр нь 3 тохой, урт нь 2 тохой байв. Ширээ нь булангийн хэсгүүдтэй бөгөөд суурь, хажуу талуудыг нь модоор хийжээ. Тэгээд тэр хүн надад «Энэ бол Еховагийн өмнө байдаг ширээ» гэж хэлсэн юм.
23 Ариун газар ба Ариунаас ариун газар нь тус бүр хоёр хаалгатай. 24 Нэг хаалга хоёр хавтаснаас бүрдэх бөгөөд хаалга бүр эвхэгддэг хоёр хавтастай. 25 Сүмийн хаалганууд хана шигээ херуб болон дал модны сийлбэртэй. Үүдний танхимын гаднах хананд модон саравч* байв. 26 Үүдний танхимын хоёр талын хананд, сүмийн тасалгаанууд болон саравчны дагуу цонхнууд болон дал модны сийлбэр байлаа. Тэр цонхнууд дотогш тэлж өргөссөн хүрээтэй ажээ.