Езекиел
37 Ехова мутраа над дээр тавив. Ехова агуу хүчээрээ намайг авч яван нэгэн хөндийд буулгалаа. Тэнд дүүрэн яс байх аж. 2 Тэрбээр намайг яснууд дундуур явуулав. Хөндийд маш их яс байгааг би харлаа. Ихэд хувхайран хатжээ. 3 Тэрбээр надаас «Хүний хүү минь, энэ яснууд амилах болов уу?» гэж асуув. Би: «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь, та мэднэ» гэж хариуллаа. 4 Тэрбээр надад айлдсан нь: «Энэ яснуудын тухай зөгнөж, тэдэнд ингэж хэл. “Хувхай яснууд аа, Еховагийн үгийг сонсоцгоо.
5 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова эдгээр ясанд ийнхүү айлдаж байна. «Би та нарын дотор амьсгал хийхэд та нар амилна. 6 Би та нар дээр шөрмөс, мах тавьж, арьсаар хучиж, та нарын дотор амьсгал хийхэд та нар амилна. Та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно»”».
7 Би тушаал ёсоор зөгнөлөө. Намайг зөгнөмөгц нэг чимээ гарав. Тарчигнасан чимээ байлаа. Яснууд цугларч өөр хоорондоо холбогдов. 8 Тэгээд намайг харж байтал өнөөх яснууд дээр шөрмөс, мах бий болж, арьсаар хучигдлаа. Гэвч амьсгалахгүй л байв.
9 Тэрбээр надад хэлсэн нь: «Салхинд хандаж зөгнө. Хүний хүү минь, салхинд хандаж зөгнөн ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: «Салхи* минь, дөрвөн зүгээс салхил. Алагдсан энэ хүмүүс рүү үлээ. Тэгвэл тэд амилна» хэмээн айлдаж байна”».
10 Ингээд би түүний тушаасан ёсоор зөгнөхөд тэд амьсгалж, амилан хөл дээрээ зогслоо. Ер бусын олон цэрэг бий болов.
11 Дараа нь тэрбээр надад хэлсэн нь: «Хүний хүү минь, энэ яснууд бол бүхэл бүтэн Израилын ард түмэн юм. Тэд: “Яснууд минь хувхайрч, найдвар минь бөхжээ. Бид бүрмөсөн сүйрчээ” гэлцэж байна. 12 Тиймээс тэдэнд ингэж зөгнөн хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Ард түмэн минь, би булшийг чинь онгойлгож, та нарыг булшнаас чинь өндийлгөн Израилын нутагт аваачна. 13 Ард түмэн минь, би булшийг чинь онгойлгож, та нарыг булшнаас чинь өндийлгөхөд та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно»”. 14 “Би та нарын дотор агуу хүчээ хийхэд та нар амилна. Би та нарыг нутагт чинь суурьшуулна. Ехова би үүнийг хэлж, хийсэн гэдгийг та нар мэдэх болно” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».
15 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 16 «Хүний хүү минь, нэг саваа авч “Иуда ба түүнтэй хамт байгаа* Израилын ард түмэн” гэж дээр нь бич. Өөр нэг саваа авч “Ефраимыг төлөөлдөг Иосефын саваа болон түүнтэй хамт байгаа* Израилын ард түмэн” гэж дээр нь бич. 17 Тэгээд хоёуланг нь ойртуулж нийлүүлээд нэг гартаа атга. 18 Чиний ард түмэн чамд “Энэ бүхэн ямар учиртайг хэлж өгөөч” гэвэл 19 тэдэнд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: «Би Иосеф (Ефраим) болон түүнтэй хамт байгаа Израилын овгуудын савааг авч Иудагийн саваатай нийлүүлнэ. Би энэ хоёр савааг нэг болгоно. Эдгээр нь миний гарт нэг болно» гэж айлдаж байна”. 20 Дээр нь юм бичсэн саваануудаа хүмүүст харагдахаар барь.
21 Дараа нь тэдэнд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Би израилчуудыг явж очсон үндэстнүүдийнх нь дундаас гарган авч зүг бүрээс цуглуулаад нутагт нь аваачна. 22 Би тэднийг нутагт нь, Израилын уулс дээр нэг үндэстэн болгоно. Нэг хаан бүгдийг нь захирна. Тэд хоёр үндэстэн байхаа болино. Хоёр хаант улс болж хуваагдахгүй. 23 Тэд жигшүүрт шүтээнүүд*, бузар хэрэг, бүх нүгэл хилэнцээрээ өөрсдийгөө дахин хэзээ ч бузарлахгүй. Надад үнэнч бусаасаа болж үйлдэж байсан бүхий л гэм нүглээс нь би тэднийг аварч, цэвэрлэнэ. Тэд миний ард түмэн, би тэдний Бурхан болно.
24 Миний зарц Давид тэдний хаан болно. Тэд бүгд нэг хоньчинтой болно. Тэгээд шийдвэрийг минь дагаж, хууль тогтоолыг минь чандлан биелүүлнэ. 25 Зарц Иаковтаа өгсөн газарт минь буюу эцэг өвгөдийнхөө амьдарч байсан нутагт тэд аж төрнө. Тэд, тэдний үр хүүхэд, үр хүүхдийнх нь үр хүүхэд тэнд үүрд амьдарна. Миний зарц Давид үүрд тэдний удирдагч* байх болно.
26 Би тэдэнтэй энхийн гэрээ байгуулна. Энэ нь мөнхийн гэрээ байх юм. Би тэднийг нутагт нь суурьшуулж, өнөр өтгөн болгоно. Би ариун газраа тэдний дунд үүрд байлгана. 27 Миний асар* тэдний дунд* байж, би тэдний Бурхан, тэд миний ард түмэн болно. 28 Миний ариун газар тэдний дунд үүрд байхлаар Ехова би Израилыг ариусгадгийг үндэстнүүд мэдэх болно»”».