Езекиел
35 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, Сеирийн уулархаг нутгийн зүг харж, түүний тухай зөгнө. 3 Ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Сеирийн уулархаг нутаг аа, би чамайг эсэргүүцэж байна. Би чиний өөдөөс мутраа сунган, чамайг эзгүй хоосон газар болгоно. 4 Би хотуудыг чинь сүйрүүлнэ. Чи эзгүй хоосон нутаг болж, намайг Ехова гэдгийг мэдэх болно. 5 Учир нь чи израилчуудад эцэс төгсгөлгүй дайсагнаж, гай зовлонд нэрвэгдсэн үед нь, эцсийн шийтгэлээ хүртэх цагт нь тэднийг илдэнд тушаасан»”.
6 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Би чамайг цус урсгах явдалд бэлдэнэ. Цус урсгах явдал чамайг мөшгөнө. Чи цусыг үзэн ядсан учир цус урсгах явдал чамайг мөшгөнө. 7 Би Сеирийн уулархаг нутгийг эзгүйрүүлнэ. Түүгээр дайрч өнгөрөх хэн бүхнийг устгана. 8 Би уулсыг чинь алагдагсдаар дүүргэнэ. Илдэнд өртөж амиа алдагсад чиний толгод, хөндийнүүд, гол горхинд хэвтэнэ. 9 Би чамайг үүрд эзгүйрүүлнэ. Хотуудад чинь хүн оршин суухгүй. Чи намайг Ехова гэдгийг мэдэх болно”.
10 Ехова би өөрөө тэнд байсаар байхад чи: “Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг минийх болно. Хоёулаа манай эзэмшил болно” гэж хэлсэн учраас 11 “Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Тэднийг үзэн ядахдаа гаргасан уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу би чамд арга хэмжээ авна. Би чамайг шүүх үедээ тэдэнд өөрийгөө мэдүүлнэ. 12 Израилын уулсыг доромжлон «Тэд эзгүйрэн хоосорч бидний идэш болжээ» гэж хэлснийг чинь Ехова би сонссон гэдгийг тэгэхэд чи мэдэх болно. 13 Чи намайг эсэргүүцэн бардамнан ярьсан. Намайг муулж олон үг хэлсэн. Би бүгдийг нь сонссон”.
14 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Би чамайг эзгүйрүүлэн хоосруулахад дэлхий даяараа баясан хөөрнө. 15 Израилчуудын өв эзгүйрэн хоосроход чи баясан хөөрч байсан шиг би чамд тэгж хандана. Сеирийн уулархаг нутаг аа, хамаг Едом оо, чи сүйрч эзгүйрнэ. Хүмүүс намайг Ехова гэдгийг мэдэх болно”».