Езекиел
34 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, Израилын хоньчдын тухай зөгнө. Тэдэнд ийнхүү зөгнөн хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Өөрсдийгөө л торддог Израилын хоньчид хөөрхий еэ! Хоньчид малаа тордох ёстой бус уу? 3 Та нар өөх идэж, ноосон хувцас өмсөж, хамгийн тарган мал төхөөрдөг ч хонин сүрэгт санаа тавьдаггүй. 4 Та нар сул доройг нь тэнхрүүлж, өвчтэйг нь эмчилж, шархадсаныг нь боож, төөрснийг нь буцаан авчирч, алга болсныг нь хайж байгаагүй. Харин ч тэднийг харгисаар дарангуйлан захирч байсан. 5 Иймээс тэд хоньчингүйн улмаас тарж бутарсан. Тарж бутран явсаар хээрийн араатнуудын идэш болжээ. 6 Миний хоньд бүх л уул толгодоор тэнүүчлэн явсан. Миний хоньд газраар нэг тарж бутарсан. Хэн ч тэднийг хайгаагүй, эрж олоогүй.
7 Тиймээс хоньчид та нар Еховагийн үгийг сонсогтун. 8 “«Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Хоньчингүйн улмаас миний хоньд бусдын олз, хээрийн араатнуудын идэш болсон. Хоньчид минь миний хоньдыг хайхын оронд өөрсдийгөө л тордож байсан. Хоньдыг минь тэжээгээгүй» гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна”. 9 Тиймээс хоньчид та нар Еховагийн үгийг сонс. 10 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Би энэ хоньчдыг шийтгэж, хоньдынхоо төлөө тэдэнтэй хариуцлага тооцно*. Цаашид тэднээр хоньдоо тэжээлгэхгүй*. Хоньчид өөрсдийгөө л тордож байхаа болино. Би тэдний амнаас хоньдоо аварна. Хоньд минь тэдний идэш байхаа болино”».
11 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Би өөрөө хоньдоо эрж олон, тэдэнд санаа тавина. 12 Тарж бутарсан хоньдоо олоод өвс тэжээл өгдөг хоньчин шиг би хониндоо санаа тавина. Үүлтэй бүрхэг өдөр тарж бутарсан газруудаас нь би тэднийг буцааж авчирна. 13 Би тэднийг ард түмнүүдийн дундаас гаргаж, газар нутгуудаас цуглуулан, нутагт нь аваачиж Израилын уулс дээр, гол горхины дэргэд, хүн амьдардаг газруудад хариулна. 14 Би тэднийг сайхан газар бэлчээнэ. Тэд Израилын өндөр уулсад бэлчинэ. Бэлчээр сайтай газар налайн хэвтэж, Израилын уулсын хамгийн шимтэй газар идээшилнэ».
15 «Би өөрөө хонио хариулж, амраана» гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 16 «Би алга болсныг нь эрж олно, төөрснийг нь буцааж авчирна, шархадсаныг нь бооно, сул доройг нь тэнхрүүлнэ. Харин тарган, хүчтэйг нь устгана. Би тэднийг шүүж, зохих шийтгэлийг нь онооно».
17 Миний хоньд оо, Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийнхаа үгийг сонсогтун. «Би хоньдын хоорондох болон хуц ухнуудын хоорондох хэрэг заргыг шүүх гэж байна. 18 Хамгийн сайн бэлчээрт идээшилдэг чинь багадаа юу? Бэлчээрийнхээ үлдэгдлийг юунд талхална вэ? Голын тунгалаг уснаас уучхаад дараа нь юунд хөлөөрөө туучин булингартуулна вэ? 19 Миний хоньд та нарын талхалсан бэлчээрт идээшилж, та нарын булингартуулсан усыг уух ёстой гэж үү?».
20 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тэдэнд айлдаж байна. «Тарган, туранхай хоньдын хоорондох хэрэг заргыг би өөрөө шүүнэ. 21 Учир нь та нар өвчтэй бүхнийг хажуугаараа түлхэж, мөрөөрөө ёворч, эврээрээ сэжсээр байгаад хаа хол тарж бутрахад хүргэсэн. 22 Би хоньдоо аварна. Тэд дахин олз болохгүй. Би хоньдын хоорондох хэрэг заргыг шүүнэ. 23 Би өөрийн зарц Давидыг тэдний хоньчин болгон томилно. Тэрбээр тэднийг маллана. Тэр өөрөө тэднийг хариулж малладаг хоньчин нь болно. 24 Ехова би тэдний Бурхан, миний зарц Давид тэдний удирдагч болно. Ехова би өөрөө айлдлаа.
25 Би тэдэнтэй энхийн гэрээ байгуулж, тэр нутгаас зэрлэг догшин амьтдыг зайлуулна. Тэгэхэд тэд зэлүүд газар аюулгүй амьдарч, ойд тайван унтана. 26 Би тэднийг болон толгодынхоо эргэн тойрныг ивээл болгоно. Бороог цагт нь оруулна. Ивээлийг бороо шиг асгана. 27 Хээрийн модод жимс гаргаж, газар нь ургацаа өгнө. Тэд энэ нутагт аюулгүй амьдарна. Би тэдний буулгыг эвдэж, боолчилж байсан хүмүүсээс нь чөлөөлөхөд тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно. 28 Тэд цаашид үндэстнүүдийн олз болохгүй, газрын араатнуудад залгиулахгүй. Тэд аюулгүй амьдарна. Хэн ч тэднийг айлгахгүй.
29 Тарьсан ургамлаараа алдарших газрыг би тэдэнд өгнө. Тэд цаашид энэ газарт өлсгөлөнгийн улмаас үхэхгүй. Үндэстнүүдэд доромжлуулахаа болино. 30 “Тэгэхэд тэд өөрсдийнх нь Бурхан Ехова намайг өөрсөдтэй нь хамт байгааг, израилчууд өөрсдөө миний ард түмэн гэдгээ мэдэх болно” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна»”.
31 “Миний хариулж малладаг хоньд оо, та нар бол ердөө л хүмүүс, би бол та нарын Бурхан” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».