Езекиел
33 Ехова надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, ард түмэндээ ингэж хэл.
“Би нэг нутагт илд агссан цэрэг авчирлаа гэж бодъё. Тэндхийн оршин суугчид нэгэн эрийг сонгоод харуул болгосон байжээ. 3 Тэр харуул газар нутаг руу нь дайсан ирж явааг хараад эвэр бүрээ үлээн ард түмэнд анхааруулжээ. 4 Хэрэв хүн эвэр бүрээн дууг сонссон ч анхааруулгыг үл тоомсорловол дайсан ирж амийг нь хөнөөлөө гэхэд үхлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ. 5 Тэрбээр эвэр бүрээн дууг сонссон ч анхааруулгыг үл тоомсорлосон юм. Тиймээс үхлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ. Анхааруулгыг дагасан бол амь аврагдах байлаа.
6 Гэтэл харуул, дайсан ирж явааг харсан ч хүмүүст анхааруулан эвэр бүрээ үлээгээгүй гэж бодъё. Дайсан ирж нэгнийх нь амийг хөнөөлөө гэхэд тэр хүн нүглийнхээ улмаас үхэх боловч би түүний үхлийн хариуцлагыг харуулаас нэхнэ”.
7 Хүний хүү минь, би чамайг Израилын ард түмний харуулаар томиллоо. Чи амнаас минь гарах үгийг сонсоод миний нэрээр тэдэнд анхааруулах ёстой. 8 Би нүгэлтэнд “Нүгэлтэн минь, чи заавал үхнэ!” гэж хэлсэн гэж бодъё. Чи түүнд нүгэл үйлдэхийг нь болиулах гэж анхааруулга өгөхгүй бол тэр хүн нүглийнхээ улмаас үхэх боловч би түүний үхлийн хариуцлагыг чамаас нэхнэ. 9 Харин чи нүгэлтэнд нүгэл үйлдэхийг нь болиулах гэж анхааруулга өгсөн бөгөөд тэрбээр засарч өөрчлөгдөхийг хүсээгүй гэж бодъё. Тэр хүн нүглийнхээ улмаас үхэх боловч чи амиа аварна.
10 Хүний хүү минь, чи Израилын ард түмэнд “Та нар: «Тэрслүү үйлдэл, нүгэл хилэнц маань биднийг хүнд ачаа мэт дарж, асар ихээр туйлдуулж байна. Цаашдаа яаж амьд явах юм бэ?» гэж ярьж байсан” хэмээн хэл. 11 Тэдэнд “«Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Би нүгэлтнийг үхэхэд баярладаггүй, харин амьдралаа өөрчилж, амьд явахад нь баярладаг. Больцгоо, муу юм хийхээ больцгоо. Израилын ард түмэн минь, та нар юунд үхэхийг хүснэ вэ?» гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна” хэмээн хэл.
12 Хүний хүү минь, ард түмэндээ ингэж хэлэгтүн. “Зөв шударга хүн тэрс явдал гаргахад зөв шударга байдал нь түүнийг аврахгүй. Нүгэлтэн нүгэл үйлдэхээ боливол өмнө нь үйлдэж байсан нүглээсээ болж үхэхгүй. Зөв шударга хүн нүгэл үйлдлээ гэхэд зөв шударга үйл хэргийнхээ ачаар аврагдана гэж үгүй. 13 Би зөв шударга хүнд «Чи амьд явна» гэж хэлсэн ч тэрбээр зөв шударга үйл хэрэгтээ эрдээд буруу* юм хийвэл зөв шударга үйл хэрэг нь огт дурсагдахгүй. Харин ч буруу юм хийснээсээ болж үхнэ.
14 Би нүгэлтэнд «Чи үхнэ» гэж хэлсэн ч тэрбээр нүгэл үйлдэхээ больж, шударгаар яван зөв юм хийж, 15 барьцаанд авсан эсвэл дээрэмдсэн эд зүйлээ буцаан өгч, буруу юм хийлгүй амь руу хөтөлдөг хууль тогтоолыг дагадаг болбол гарцаагүй амьд явна. Үхэхгүй. 16 Түүний үйлдэж байсан ямар ч нүглийг би дурсахгүй. Тэрбээр шударгаар амьдран зөв юм хийдэг болсон учир амьд явна”.
17 Гэвч чиний ард түмэн: “Ехова шударга бус юм хийж байна” гэж хэлсэн. Үнэндээ тэд өөрсдөө шударга бус юм хийж байна.
18 Зөв шударга хүн зөв шударга үйл хэргээ орхиж, буруу юм хийдэг болбол үүнээсээ болж үхнэ. 19 Харин нүгэлтэн нүгэл үйлдэхээ больж, шударгаар амьдран зөв юм хийдэг болбол үүнийхээ ачаар амьд явна.
20 Гэвч та нар: “Ехова шударга бус юм хийж байна” гэж хэлсэн. Израилын ард түмэн минь, би та нарыг нэг бүрчлэн үйл хэргийн чинь дагуу шүүнэ».
21 Биднийг олзлогдсоноос хойш 12 дахь жилийн 10 дахь сарын 5-ны өдөр нэгэн хүн Иерусалимаас зугтан над дээр ирж «Хот сүйрчихлээ!» гэж хэлэв.
22 Тэр хүнийг ирэхийн өмнөх үдэш Ехова над дээр мутраа тавьсан юм. Тэгээд тэр хүнийг өглөө над дээр ирэхийн өмнө амыг минь нээв. Ам минь нээгдэж, би дахин ярьдаг боллоо.
23 Дараа нь Ехова надад үгээ айлдсан нь: 24 «Хүний хүү минь, эдгээр балгас нурангин дунд амьдардаг хүмүүс Израил нутгийн талаар “Абрахам ганцаархнаа байсан хэр нь энэ нутгийг өмчлөн авсан. Харин бид олуулаа. Энэ нутаг мэдээж биднийх” гэж ярьцгааж байна.
25 Тиймээс тэдэнд ингэж хэлэгтүн. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, жигшүүрт шүтээнүүддээ* итгэж найдан, цус урсгаж байна. Тэгчхээд яаж энэ нутгийг өмчлөх юм бэ? 26 Та нар илдэндээ найдаж, бузар үйл хэрэгт оролцож, хүн бүр хөршийнхөө эхнэрийг бузарладаг. Тэгчхээд яаж энэ нутгийг өмчлөх юм бэ?»”.
27 Чи тэдэнд ингэж хэлэх ёстой. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Балгас нурангин дунд амьдардаг хүмүүс илдэнд өртөж унана. Хээр талд байгаа хүмүүсийг би араатнуудад хоол болгон өгнө. Цайз, агуйнуудад хоргодогчид өвчнөөр үхнэ. 28 Би тэр нутгийг юу ч үгүй хоосон болгоно. Түүний бардам ихэмсэг зан үгүй болно. Израилын уулс эзгүйрнэ. Хэн ч дайран өнгөрөхгүй. 29 Тэдний хийсэн жигшүүрт хэргээс болж газар нутгийг нь юу ч үгүй хоосруулахад минь тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно»”.
30 Хүний хүү минь, чиний ард түмэн байшингийн хана, хаалганы дэргэд зогсоод чиний тухай хоорондоо ярьж байна. Тэд нэг нэгэндээ, ах дүүдээ “Явж Еховагийн юу ярихыг сонсоцгооё” гэж хэлж байна. 31 Тэд миний ард түмний ёсоор хуран цугларч чиний өмнө сууна. Тэд үгийг чинь сонсох боловч хэрэгжүүлэхгүй. Тэд амаараа чамд зусардан бялдуучлах боловч зүрх нь шударга бус олз ашгийг шунан хүснэ. 32 Чи тэдний хувьд чавхдаст хөгжмийг чадварлаг тоглож, сайхан хоолойгоор дуулсан янаг амрагийн дуу шиг юм. Тэд үгийг чинь сонсох боловч хэн нь ч хэрэгжүүлэхгүй. 33 Энэ үг биелэхэд (энэ нь заавал биелнэ) тэд өөрсдийнх нь дунд зөнч байсныг мэдэх болно».