Езекиел
32 Арван хоёр дахь жилийн 12 дахь сарын 1-ний өдөр Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, Египетийн фараоны тухай гашуудлын дуу дуулж, түүнд
“Чи үндэстнүүдийн дунд хүч чадалтай залуу арслан шиг байсан.
Гэвч чи дуугүй болсон.
Чи тэнгисийн мангас адил гол мөрнийхөө усыг цалгилуулан,
Хөлөөрөө ус булингартуулан, гол мөрнийг бохирдуулсан” гэж хэл.
3 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
“Би хуран чуулсан олон үндэстнээр чам дээр тороо хаяулна.
Тэд миний тороор чамайг татаж гаргана.
4 Би чамайг газар шороон дээр хаяж,
Хээр талд шиднэ.
Би чам дээр тэнгэрийн шувуудыг суулгаж,
Дэлхийн бүх араатныг чиний махаар цатгана.
5 Би чиний махыг уулс дээр шиднэ.
Үлдсэнээр нь тал хөндийг дүүргэнэ.
6 Би чамаас олгойдох цусаар газар нутгийг ч, уулсыг ч нэвт норгоно.
Гол горхи чиний цусаар дүүрнэ”.
7 “Чамайг устгагдахад би тэнгэрийг халхалж, оддын гэрлийг бөхөөнө.
Нарыг үүлээр хааж,
Сарыг гэрэлгүй болгоно.
8 Би тэнгэрт гэрэлтэгч бүхнийг чамаас болж гэрэлтдэггүй болгоно.
Чиний газар нутаг дээр харанхуйг нөмрүүлнэ” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
9 “Би чиний ард түмнийг үндэстнүүдэд,
Чиний мэдэхгүй газар нутгуудад олз болгон өгөхдөө ард түмнүүдийг бухимдуулна.
10 Би ард түмнүүдийг балмагдуулна.
Намайг тэдний өмнө сэлэм эргүүлэхэд хаад нь чамаас болоод айн чичирнэ.
Чамайг нуран унах өдөр
Тэд бүгд амиа алдахаас айн, дагжин чичирсээр байх болно”.
11 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
“Вавилоны хаан чам руу дайрна.
12 Би чиний хүмүүсийг хүчирхэг дайчдын илдээр хөнөөнө.
Тэд бол бүх үндэстний дотроос хамгийн харгис хэрцгий дайчид юм.
Тэд Египетийн бахархлыг сүйрүүлж, бүх хүнийг нь хүйс тэмтэрнэ.
13 Би түүний бүх мал сүргийг их усных нь дэргэдээс устгана.
Их ус нь хүний хөл, малын туурайд дахин булингартахгүй”.
14 “Тэр үед би их усыг нь цэвэр болгож,
Гол мөрнийг нь тос шиг урсгана” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
15 “Египетийг эзгүй хоосон газар болгож, тэнд байсан бүхнийг устган,
Бүх оршин суугчийг нь хөнөөхөд минь
Тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно.
16 Энэ бол гашуудлын дуу. Хүмүүс үүнийг дуулна.
Үндэстнүүдийн охид дуулна.
Египет ба ард түмнийх нь хойноос дуулна” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».
17 Дараа нь 12 дахь жилд, сарын* 15-ны өдөр Ехова үгээ надад айлдсан нь: 18 «Хүний хүү минь, Египетийн хүмүүсийн төлөө цурхиран уйл. Тэд болон хүчирхэг үндэстнүүд булшинд байгчидтай хамт газрын гүнд хэвтэнэ гэдгийг хэл.
19 “Чи гоо үзэсгэлэнгээрээ бусдаас илүү гэж үү? Булшинд орж, хөвч таслуулаагүй хүмүүстэй хамт хэвт!”.
20 “Илдэнд өртөж амиа алдагсдын дунд египетчүүд хэвтэнэ. Египетийг илдэнд тушаасан. Түүнийг бүх хүнтэй нь хамт чирээд яв.
21 Хамгийн хүчирхэг дайчид Булшны* гүнээс түүнтэй болон туслагчидтай нь ярина. Египетчүүд илдэнд өртөн амиа алдаж, хөвч таслуулаагүй хүмүүс шиг хэвтэцгээнэ. 22 Ассири харьяат албатуудтайгаа тэнд байна. Тэдний булш эргэн тойронд нь байна. Тэд бүгд илдэнд өртөж хөнөөгджээ. 23 Түүнийг газрын гүнд оршуулжээ. Бүх харьяат албат нь түүний булшны эргэн тойронд байх аж. Тэд бүгд илдэнд өртөж амиа алджээ. Учир нь тэд амьд байхдаа хүмүүсийг айлгадаг байсан юм.
24 Тэнд Елам байна. Булшных нь эргэн тойронд түүний хүмүүс байх аж. Бүгд илдэнд өртөж амиа алджээ. Амьд байхдаа хүмүүсийг айлгадаг байсан тэд хөвч таслуулаагүй чигээрээ газрын гүнд оржээ. Одоо бол, булшинд хэвтэгчидтэй хамт шившгээ дэлгэнэ. 25 Алагдагсдын дунд түүнд ор зассан. Түүний бүх хүн булшных нь эргэн тойронд байна. Тэд булшинд хэвтэгчидтэй хамт шившгээ дэлгэнэ. Алагдагсдын дунд түүнийг тавьжээ.
26 Тэнд Мешех, Тубал болон тэдний бүх хүн бий. Тэдний булш хааныхаа эргэн тойронд байна. Тэд амьд байхдаа хүмүүсийг айлгадаг байсан учраас хөвч таслуулаагүй чигээрээ илдээр сүлбүүлсэн юм. 27 Амь үрэгдэж зэр зэвсэгтэйгээ Булшинд* орсон хөвч таслуулаагүй хүчит дайчидтай тэд хамт хэвтэнэ. Энэ хүчит дайчид амьд байхдаа хүмүүсийг айлгадаг байсан учир илдийг нь толгой доор нь*, нүглийг нь ясан дээр нь тавина. 28 Харин чи* хөвч таслуулаагүй хүмүүсийн дунд алагдана. Илдэнд өртөж амиа алдсан хүмүүстэй хамт хэвтэнэ.
29 Едом улс, хаад, ноёд нь бүгд тэнд байна. Тэд хэдий хүчирхэг байсан ч тэднийг илдэнд өртөж амиа алдагсдын дунд тавьсан юм. Тэд ч бас хөвч таслуулаагүй хүмүүстэй, булшинд байгчидтай хамт хэвтэнэ.
30 Тэнд умард зүгийн бүх ноён, сидончууд бүгдээрээ байна. Тэд хүч чадлаараа хүмүүсийг айлгадаг байсан ч алагдагсадтай хамт гутамшигтайгаар булшинд орсон. Тэд илдэнд өртөж амиа алдагсадтай хамт хөвч таслуулаагүй чигээрээ хэвтэнэ. Булшинд хэвтэгсэдтэй хамт шившгээ дэлгэнэ.
31 Фараон энэ бүх хүнийг хараад өөрийнх нь хүмүүст тохиолдсон явдалд харамсахаа болино. Фараон болон их цэрэг нь бүгд илдэнд өртөж амиа алдана” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
32 “Фараон амьд байхдаа хүмүүсийг айлгадаг байсан. Тийм учраас фараон болон түүний хүмүүс хөвч таслуулаагүй хүмүүстэй хамт, илдэнд өртөж амиа алдагсадтай хамт хэвтэнэ” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».