Езекиел
24 Ес дэх жилийн* 10 дахь сарын 10-ны өдөр Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, яг энэ өдрийг тэмдэглэж ав. Вавилоны хаан яг энэ өдөр Иерусалим руу дайрсан юм. 3 Энэ тэрслүү ард түмний тухай ийм зүйр үг хэл.
“Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
«Гал дээр тогоо тавьж, дотор нь ус хий.
4 Мах эвдэж тогоонд хий. Эвдсэн сайн хэсгүүдийг,
Хаа, гуяыг хий. Хамгийн сайн яснуудаар тогоог дүүргэ.
5 Сүргийн хамгийн сайн хонийг шилж ав. Тогоон доор мод зэрэглэн өр.
Тэгээд яс, махыг чана»”.
6 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
“Цус урсгадаг хот, зэв нь арилдаггүй зэвтэй тогоо хөөрхий еэ!
Яс, махыг нэг нэгээр нь гаргаж тогоог хоосол. Шилж авч болохгүй*.
7 Учир нь түүн дотор цус байна. Тэрбээр үүнийг нүцгэн хадан дээр асгасан.
Газарт асгаж шороогоор булаагүй.
8 Би уур хилэнгээ оволзуулан, өс хонзонгоо авахын тулд
Түүний цусыг мөлгөр нүцгэн хадан дээр асгасан.
Ингэснээр цус газарт булагдахгүй”.
9 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
“Цус урсгадаг хот хөөрхий еэ!
Би их түлээ овоолно.
10 Түлээ овоолж гал түл.
Махыг нь сайн чанаж, шөлийг нь асган, ясыг нь шатаа.
11 Нүүрсэн дээр хоосон тогоо тавьж халаа.
Зэсийг нь улайстал халаа.
Тэгвэл бохир юм нь хайлж, зэв нь арилна.
12 Ядаж цөхлөө, ядарч зүдэрлээ.
Зузаан зэв арилахгүй нь ээ.
Зэвтэй чигээр нь галд хая!”.
13 “Чи садар самуун явдлаасаа болж бузартсан. Би чамайг цэвэрлэх гэж хичээсэн боловч чи цэвэр ариун болохыг хүсээгүй. Миний уур хилэн намжтал чи цэвэр болохгүй. 14 Ехова би айлдлаа. Энэ нь заавал биелнэ. Би шийдэмгий арга хэмжээ авна. Гашуудахгүй, харамсахгүй. Тэд чамайг явсан зам, хийсэн үйлийн чинь дагуу шүүнэ” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».
15 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 16 «Хүний хүү минь, би хайртай хүнийг чинь чамаас гэнэт салгах гэж байна. Чи гашуудаж, уйлж, нулимс унагаж болохгүй. 17 Чимээгүйхэн гинш. Талийгаачийн хойноос гашуудлын ёслол бүү үйлд. Толгойн ороолтоо ороож, сандаалаа өмс. Сахлаа* бүү далдал. Хүмүүсийн авчирч өгсөн талхыг бүү ид».
18 Өглөө нь би ард олонтой ярьж, орой нь эхнэр минь нас барав. Маргааш өглөө нь би тушаал ёсоор гүйцэтгэв. 19 Хүмүүс надад «Таны хийж байгаа зүйл бидний хувьд ямар утгатай болохыг хэлж өгөөч» гэлээ. 20 Би тэдэнд ингэж хариулав. «Ехова надад үгээ айлдсан юм. 21 “Израилын ард түмэнд ингэж хэл. «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Би та нарын баяр бахдал, эрхэм нандин зүйл, сэтгэл зүрхний чинь хүслэн болсон ариун газраа бузарлах гэж байна. Та нарын үлдээсэн охид хөвгүүд чинь илдээр хөнөөгдөнө. 22 Тэгэхэд та нар Езекиелийн үйлдлийг давтах болно. Та нар сахлаа далдлахгүй, хүмүүсийн авчирч өгсөн талхыг идэхгүй. 23 Та нар толгойн ороолтоо ч, сандаалаа ч тайлахгүй. Гашуудахгүй, бас уйлахгүй. Харин алдаанаасаа болж зовж шанална. Нэг нэгэн рүүгээ хараад гиншинэ. 24 Езекиел та нарт тэмдэг болж байна. Түүний хийснийг та нар хийх болно. Энэ бүхэн биелэхэд та нар намайг Хэмжээгүй эрхт Эзэн Ехова гэдгийг мэдэж авна”»”».
25 «Хүний хүү минь, би тэдний баяр бахдал, эрхэм нандин зүйл, сэтгэл зүрхнийх нь хүслэн болсон бэхлэлтийг болон охид хөвгүүдийг нь үгүй хийх өдөр 26 амь зулбан зугтаж ирсэн хүн чамд үүнийг мэдээлнэ. 27 Тэр өдөр чи амаа нээнэ. Зугтаж ирсэн тэр хүнтэй ярина. Чи цаашид дуугүй байхгүй. Чи тэдэнд тэмдэг болно, тэд намайг Ехова гэдгийг мэдэж авна».