Езекиел
25 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, Аммоны зүг харж, тэдний тухай зөгнө. 3 Чи аммончуудад ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн үгийг сонсогтун. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. «Миний ариун газар бузарлагдаж, Израил нутаг эзгүйрч, Иудагийн ард түмнийг олзлогдон явахад та нар: “Еэ гялай!” гэсэн учраас 4 би та нарыг дорнын хүмүүст өмч болгон өгнө. Тэд та нарын дунд хуарангаа байгуулж, майхнаа босгоно. Тэд жимсийг чинь идэж, сүүг чинь ууна. 5 Би Раббаг тэмээний бэлчээр, аммончууд та нарын газар нутгийг мал сүрэг амрах газар болгоно. Та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно»”».
6 «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Та нар Израилд юу тохиолдсоныг хараад элэглэн дооглож, баяр хөөр болж, алгаа ташиж, доороо дэвхцэж байсан учраас 7 би мутраа сунган та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг улс үндэстнүүдийн дотроос ул мөргүй алга болгож, газрын хөрснөөс арчин зайлуулна. Би та нарыг хүйс тэмтрэхэд та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно”.
8 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Моаб, Сеир нар: «Иудагийн ард түмэн бусад бүх үндэстэнтэй адилхан» гэж хэлсэн учраас 9 би Моабын хилийн хотуудыг, түүний дотор улсын чимэг болсон Бет-Иешимот, Баал-Меон, тэр ч бүү хэл Кириатаим хотыг хамгаалалтгүй болгоно. 10 Би моабчууд та нарыг аммончуудтай хамт дорнын хүмүүст өмч болгон өгнө. Ингэснээр аммончууд үндэстнүүдийн дунд дурсагдахгүй. 11 Би моабчуудад оноосон ялаа гүйцэтгэнэ. Тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно”.
12 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Едом Иудагийн ард түмэнд өс хонзон санаж, тэднээс өшөөгөө аван их гэм нүгэл үйлдсэн тул 13 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Би бас Едомын өөдөөс мутраа сунган хүн, малгүй устгаж эзгүй хоосон болгоно. Теманаас авхуулаад Дедан хүртэлх бүх хүн илдээр хөнөөгдөнө. 14 “Би өөрийн ард түмэн израилчуудын гараар Едомоос өшөөгөө авна. Тэднээр дамжиж миний уур хилэн Едом дээр буухад миний өшөө авалт ямар байдгийг едомчууд мэдэх болно” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна»”.
15 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Филистчүүд Израилд эцэс төгсгөлгүй дайсагнаж, заналтайгаар өшөө авч, устгахыг оролдсон билээ. 16 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Би филистчүүдийн өөдөөс мутраа сунгаж, херетчүүдийг зайлуулна. Мөн тэнгисийн эрэг хавийн нутагт үлдсэн оршин суугчдыг устгана. 17 Би тэднээс өшөө авч, хатуу шийтгэл онооно. Өшөөгөө авахад минь тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно»”».