Езекиел
23 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, хоёр эмэгтэй байжээ. Тэд нэг эхийн охид юм. 3 Тэд Египетэд янхан болж, бага залуу наснаасаа биеэ үнэлж эхэлсэн. Тэнд хүмүүс тэдний хөхийг базаж, онгон цээжийг нь илж таалдаг байв. 4 Тэдний нэр гэвэл, эгчийг нь Охола*, дүүг нь Охолиба* гэдэг. Тэд минийх болж, охид хөвгүүд төрүүлсэн. Охола нь Самари, Охолиба нь Иерусалим юм.
5 Охола нь минийх байхдаа биеэ үнэлж эхлэв. Тэрбээр амрагуудаа, хөрш ассиричуудыг шунан хүсдэг байсан. 6 Тэд бол хөх өнгийн хувцас өмссөн захирагчид, түшмэд бөгөөд бүгд морь унасан сэтгэл татам сайхан залуус байв. 7 Тэрбээр Ассирийн бүх шилмэл хөвгүүдэд биеэ үнэлж, шунан хүсдэг байсан хүмүүсийнхээ жигшүүрт шүтээнүүдээр* өөрийгөө бузарласан. 8 Тэрбээр Египетэд эхэлсэн биеэ үнэлэх ажлаа зогсоогоогүй. Бага залуу байхад нь тэд* түүнтэй хэвтэж, онгон цээжийг нь илж таалан, дур хүслээ хангадаг байв. 9 Тиймээс шунан хүсээд байсан амрагуудад нь буюу Ассирийн хөвгүүдэд би түүнийг тушаасан. 10 Тэд түүний нүцгэн биеийг ил гаргаж, охид хөвгүүдийг нь булаан авсан. Мөн түүнийг илдээр хөнөөжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн дунд муу нэртэй болов. Тэд түүнд ял гүйцэтгэсэн юм.
11 Охолиба нь эгчийнхээ үйлдсэнийг хараад улам их шунал хүсэлтэй болов. Биеэ үнэлэхдээ эгчээсээ ч илүү сурамгай байв. 12 Тэрбээр хөрш Ассирийн хөвгүүдийг шунан хүсэх болсон. Тэд нь сүрлэг сайхан хувцас өмссөн, морь унасан захирагчид, түшмэд бөгөөд бүгд сэтгэл татам сайхан залуус байв. 13 Охолибаг өөрийгөө бузарлахад би эгч, дүү хоёрыг нэг замаар явж байгааг ойлгосон юм. 14 Гэвч түүний биеэ үнэлэх нь улам олширсон. Тэрбээр хананд сийлсэн эрчүүд, улбар шараар* будсан халдейчуудын дүрсийг харав. 15 Тэд бүгд бүс бүсэлж, толгойн ороолт ороож унжуулсан, халдейчуудын нутагт төрсөн дайчин төрхтэй вавилончууд байлаа. 16 Тэрбээр тэднийг харангуутаа хүсэн тачаадаж, Халдейд байгаа тэдэн рүү элч илгээсэн. 17 Тэгэхэд нь вавилончууд хүрч ирэн янагийн ажил үйлддэг орон дээр нь гардаг байсан. Тийнхүү садарлан завхайрч түүнийг бузарласан. Тэрбээр бузарлагдсаныхаа дараа жигшиж, тэднээс холдов.
18 Эгч нь ичгүүргүйгээр биеэ үнэлж, нүцгэн биеэ ил гаргахад нь би жигшиж түүнээс холдсон шигээ дүүг нь бас жигшиж түүнээс холдсон. 19 Тэрбээр Египетийн нутагт биеэ үнэлдэг байсан залуу үеэ санаж улам ихээр биеэ үнэлдэг байв. 20 Илжиг, адууных шиг бэлгэ эрхтэнтэй эрчүүдийн татвар эмс адил тэднийг шунан хүссэн. 21 Чи залуухан хэнхдэг цээж, хөх дэлэнгээ египетчүүдэд илүүлж таалуулж байсан залуу насныхаа садар явдлыг хүсэн мөрөөдсөн.
22 Тиймээс Охолиба минь, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Чи амрагуудаа жигшин зэвүүцсэнээсээ болоод тэднээс холдсон билээ. Харин одоо би тэднийг турхирахад тэд тал бүрээс чинь дайрна. 23 Тэд бол вавилончууд, бүх халдейчууд, Пекод, Шоа, Коагийн эрчүүд, Ассирийн бүх хөвгүүд юм. Тэд бүгд сэтгэл татам сайхан залуус, захирагч ба түшмэд, дайчин ба шилмэл эрс, хүлэг морьтнууд байлаа. 24 Тэд дуулга өмсөж, том жижиг* бамбай барьсан их цэргийн хүчээр, дайны тэрэг, дугуй пижигнүүлэн ирж чам руу дайрна. Тэд чамайг бүслэн байраа эзэлнэ. Би тэдэнд шүүх эрх мэдлийг өгөхөд тэд зохистой гэж үзсэнээрээ чамайг шүүнэ. 25 Би чамд уур хилэнгээ гаргана. Тэд хилэнтэйгээр чам руу дайрч хамар, чихийг чинь огтлох ба үлдсэн оршин суугчдыг чинь илдээр хөнөөнө. Охид хөвгүүдийг чинь авч явна. Үлдсэн хүмүүс чинь галд шатна. 26 Тэд хувцсыг чинь тайчиж, гоёмсог үнэт эдлэлийг* чинь булааж авна. 27 Египетийн нутагт байхдаа үйлдэж байсан садар явдал, биеэ үнэлэх явдлыг чинь би таслан зогсооно. Чи тэднийг* харахаа болино. Египетийг чи цаашид санахгүй”.
28 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Би чиний үзэн яддаг хүмүүст, жигшин зэвүүцсэнээсээ болж чиний холдон явсан хүмүүст чамайг тушаана. 29 Тэд чам руу заналтайяа дайрч, зовж олсон бүхнийг чинь дээрэмдэн, чамайг олны өмнө нүцгэн орхино. Ичгүүргүйгээр нүцгэлэн завхайрч, эрээ цээргүй явж, биеэ үнэлж байсан чинь бүгдэд ил болно. 30 Чи үндэстнүүдийн араас янхан мэт явж, жигшүүрт шүтээнүүдээр нь өөрийгөө бузарласан учраас чамд ийм юм тохиолдоно. 31 Чи эгчийнхээ замаар орсон учир би түүний аягыг гарт чинь бариулна”.
32 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
“Чи эгчийнхээ гүнзгий ёроолтой, том аяганаас ууна.
Энэ аяганд элэг доог, ичгүүр гутамшиг бялхаж байсан тул хүмүүс чамайг дооглон тохуурхдаг болно.
33 Чи эгч Самарийнхаа аяганаас цэрийтлээ уун,
Согтож, гашуудна.
Айдас хүйдэст автаж, эзгүйрэн хоосорно.
34 Чи ёроолыг нь гартал ууж, тэр аяганы шавар хэлтэрхийг зажилна.
Тэгээд хөхөө урж хаяна.
«Би өөрөө айлдлаа» хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна”.
35 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Чи намайг мартаж, үл тоомсорлосон* учир садарлан самуурч, биеэ үнэлж байсныхаа үр дагаврыг амсана” гэж айлдаж байна».
36 Ехова дараа нь надад айлдсан нь: «Хүний хүү минь, чи Охола, Охолиба нарт шүүх мэдээ тунхаглаж, жигшүүрт хэргийг нь хэлж өгөх үү? 37 Тэд завхайрсан, гар нь нэл цус болсон. Жигшүүрт шүтээнүүдтэйгээ завхайраад зогсохгүй, надад төрүүлж өгсөн хүүхдүүдээ шүтээнүүдийн хоол болгож галд өргөсөн. 38 Түүнээс гадна тэд тэр өдөр миний ариун газрыг бузарласан. Амралтын өдрийг минь гутаан доромжилсон. 39 Тэд хүүхдүүдээ хөнөөж жигшүүрт шүтээнүүддээ тахил болгон өргөсөн тэр өдөртөө ариун газарт минь орж ариун газрыг минь бузарласан. Тэд миний өргөөнд ийм юм хийсэн. 40 Түүгээр барахгүй хол газраас эрчүүдийг авчруулахаар элч илгээсэн. Тэднийг ирж байх зуур чи биеэ угааж, нүдээ будаад, гоёл чимгээ зүүсэн. 41 Чи миний утлага, тосыг тавьсан ширээний урд, тансаг буйдан дээр суусан. 42 Тэнд хэнэггүй олны дуу хадаж байлаа. Тэдний дунд зэлүүд газраас авчирсан архичид байх аж. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвч зүүж, толгойд нь гоёмсог титэм өмсгөв.
43 Тэгэхэд би завхай явдалдаа ядарсан түүний тухай “Тэр биеэ үнэлсээр байх болно” гэж айлдав. 44 Хүн янхантай явалддагийн адил тэд түүнтэй явалддаг байсан. Тийнхүү тэд садар эмс болох Охола, Охолиба хоёртой явалдсан юм. 45 Харин зөв шударга хүмүүс түүнийг завхайрал, цус урсгасан хэргийнх нь улмаас зохих ёсоор шүүнэ. Учир нь тэд завхайрч, гараа цусанд дүрсэн билээ.
46 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Би тэдний өөдөөс их цэрэг илгээж жихүүдэс төрүүлэм зүйл болгоно. Тэд эд хөрөнгийг нь тонон дээрэмдэнэ. 47 Их цэрэг тэдэн рүү чулуу нүүлгэж, тэднийг илдээрээ цавчин унагана. Охид хөвгүүдийг нь хядаж, байшингуудыг нь галдан шатаана. 48 Би энэ нутгаас садар явдлыг зайлуулна. Тэгэхэд бүх эмэгтэй сургамж авах ба садар явдлыг чинь дуурайхгүй. 49 Тэд садар явдал болон жигшүүрт шүтээнүүдтэйгээ үйлдсэн нүглийн чинь үр дагаврыг чамд амсуулна. Чи намайг Хэмжээгүй эрхт Эзэн Ехова гэдгийг мэдэх болно”».