Езекиел
22 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, чи цус урсгадаг энэ хотод шүүх мэдээ тунхаглах уу*? Жигшүүртэй бүхнийх нь талаар хэлж өгөхөд бэлэн үү? 3 Чи ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Оршин суугчдынхаа цусыг урсгадаг хот оо! Жигшүүрт шүтээн* бүтээж өөрийгөө бузарладаг чиний шийтгүүлэх цаг ирлээ. 4 Чи хүмүүсийн цусыг урсгасан буруутай. Чи жигшүүрт шүтээнүүдээсээ болж бузартсан. Чи эцсийн хугацаагаа наашлууллаа. Төгсгөл чинь ирлээ. Тийм учраас би чамайг үндэстнүүдэд эгдүүцэл, бүх газар нутагт элэг доог болгоно. 5 Муу нэртэй, үймээн самуунаар дүүрсэн чамайг хол ойрын газар нутгууд дооглоно. 6 Чиний доторх Израилын удирдагч бүр цус урсгахын тулд эрх мэдлээ ашигладаг. 7 Оршин суугчдын чинь дунд эцэг эхээ жигшин зэвүүцдэг хүмүүс бий. Гадаадын иргэнийг луйвардаж, өнчин хүүхэд, бэлэвсэн эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцдаг хүмүүс ч байдаг»”».
8 «“Чи миний ариун газрыг үл тоомсорлож, миний амралтын өдрийг бузарладаг. 9 Оршин суугчдын чинь дунд хүний цусыг урсгах зорилготой гүтгэгчид байдаг. Уулан дээр өргөсөн өргөлийг идэж, садар самуун үйлддэг хүмүүс чиний дотор бий. 10 Эцгийнхээ орыг бузарладаг, сарын тэмдгээс болж бузартсан эмэгтэйтэй хурьцдаг хүмүүс чиний дотор бий. 11 Оршин суугчдын чинь зарим нь хөршийнхөө эхнэртэй жигшмээр юм хийж, зарим нь ёс жудгаа алдан бэрээ бузарлаж, зарим нь эцгийнхээ охин буюу эгч дүүтэйгээ хурьцдаг. 12 Цус урсгах гэж хахууль авдаг, хүүтэй мөнгө зээлүүлэх юм уу олз ашиг* олдог, хөршөөсөө мөнгө салгаж авдаг хүмүүс чиний дотор бий. Үнэндээ чи намайг таг мартжээ” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
13 “Чиний олсон шударга бус олз ашиг, хана хэрмийн чинь дотор үйлдэгддэг цус урсгах явдлыг би жигшдэг. 14 Намайг чиний эсрэг арга хэмжээ авах өдрүүдэд чи зоригтой, хүчтэй хэвээрээ байх уу? Ехова би айлдсан бөгөөд арга хэмжээгээ авна. 15 Би чамайг үндэстнүүдийн дунд, газар нутгуудад тараан бутаргаж, бузар явдлыг чинь таслан зогсооно. 16 Чи үндэстнүүдийн өмнө шившиг болж намайг Ехова гэдгийг мэдэх болно”».
17 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 18 «Хүний хүү минь, миний хувьд Израилын ард түмэн ямар ч хэрэггүй шаар мэт болсон. Тэд бүгд зууханд үлдсэн зэс, цагаан тугалга, төмөр, хар тугалга юм. Тэд мөнгө хайлуулсны дараа үлддэг шаар шиг болсон.
19 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Та нар бүгдээрээ ямар ч хэрэггүй шаар мэт болсон учраас би та нарыг Иерусалимд цуглуулна. 20 Мөнгө, зэс, төмөр, хар тугалга, цагаан тугалгыг цуглуулан зууханд хийж галаар үлээлгэн хайлуулдаг шиг би их уур хилэнтэйгээр та нарыг цуглуулж, үлээн хайлуулна. 21 Би та нарыг цуглуулж уур хилэнгийнхээ галаар үлээлгэхэд та нар хот дотор хайлна. 22 Мөнгө зууханд хайлдаг шиг та нар хотод хайлна. Ехова би өөрсдөд чинь уураа гаргасныг та нар мэдэх болно”».
23 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 24 «Хүний хүү минь, энэ нутагт ингэж хэл. “Чи бол уур хилэнгийн өдөр цэвэрших ч үгүй, бороо ч орохгүй нутаг юм. 25 Чиний зөнчид хуйвалддаг. Тэд бол олзоо тасдаж буй архирах арслан мэт юм. Тэд хүмүүсийг залгидаг. Эрдэнэс, үнэт эдлэлийг нь булааж авдаг. Тэднээс болж чи бэлэвсэн эмэгтэйчүүдээр дүүрсэн. 26 Тахилчид чинь хуулийг минь зөрчиж, ариун газрыг минь бузарладаг. Тэд ариуныг ердийнхөөс заагладаггүй, цэврийг бузраас ялгахыг зааж өгдөггүй, амралтын өдрийг минь сахидаггүй. Тэд намайг гутаан доромжилдог. 27 Ноёд чинь олзоо тасдах чоно мэт юм. Тэд шударга бус олз ашгийн төлөө хүн алж цус урсгадаг. 28 Зөнчид чинь тэдний үйлсийг шохойгоор далдалдаг. Хуурамч үзэгдэл үзэж, худал мэргэ хэлэн, Еховаг яриагүй байхад «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна» гэдэг. 29 Энэ нутгийн ард түмэн луйвар, дээрэм хийж, ядуу зүдүү хүмүүстэй зүй бусаар харьцаж, гадаадын иргэнийг залилан мэхэлж шударга бус ханддаг”.
30 “Би энэ нутгийг устгахгүй гэсэндээ чулуун хэрмийг засах эсвэл нутгаа хамгаалан хэрмийн цөмөрхийг хааж зогсох хүнийг тэдний дундаас хайсан боловч нэг ч хүн олсонгүй. 31 Тиймд би тэдэнд уураа гаргаж, хилэнгийн галаараа тэднийг устгана. Үйлсийнх нь үр дагаврыг өөрсдөд нь амсуулна” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».