Езекиел
21 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, Иерусалим руу нүүрээ харуулан ариун газруудын тухай мэдээ тунхаглаж, Израил нутгийн тухай зөгнө. 3 Израил нутагт ингэж хэл. “Ехова айлдаж байна. «Би чамайг эсэргүүцэж байна. Би илдээ хуйнаас нь сугалж зөв шударга хүмүүс ба хар санаатнуудын аль алийг нь цавчина. 4 Би зөв шударга, хар санаатай бүх хүнийг чинь устгах учир илдээ хуйнаас нь сугалан өмнө зүгээс хойд зүг хүртэлх хүн бүрийг цавчина. 5 Ехова би илдээ хуйнаас нь сугалсныг бүх хүн мэдэх болно. Илдийг хуйнд нь буцааж хийхгүй»”.
6 Хүний хүү чи чичрэн санаа алд. Хүмүүсийн өмнө гуниглан санаа алд. 7 Тэд чамаас “Чи яагаад санаа алдана вэ?” гэж асуувал “Мэдээнээс болоод” гэж хэлээрэй. Мэдээ заавал дуулдана. Хүн бүр айж зүрх алдан, гараа унжуулна. Хүн бүр сэтгэлээр унаж, өвдгийг нь даган ус урсана*. “Энэ нь гарцаагүй ирнэ, заавал болно” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна».
8 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 9 «Хүний хүү минь, зөгнөн ингэж хэл. “Ехова айлдаж байна. «Илд байна! Ирлэж өнгөлсөн илд байна. 10 Их олон хүнийг хөнөөх гэж ирлэжээ. Гялалзтал нь өнгөлжээ»”».
«Бид баярлах ёстой бус уу?».
«“Энэ нь* бүх модыг цавчдаг шигээ миний хүүгийн очирт таягийг цавчих уу?
11 Би үүнийг өнгөлүүлж, хэрэглүүлэхээр өгсөн. Энэ илдийг зандалчны гарт бариулахын тулд ирлэж, өнгөлсөн.
12 Хүний хүү минь, хашхирч цурхиран уйл. Учир нь энэ нь миний ард түмнийг, Израилын бүх удирдагчийг цавчихаар ирлээ. Тэд миний ард түмэнтэй хамт илдэнд өртөнө. Иймээс гашуудан гуяа цохь. 13 Аль хэдийн шалгалт хийсэн. Илд очирт таягийг цавчвал юу болох вэ? Байхгүй болно” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.
14 Хүний хүү минь, зөгнөж, алгаа ташин, “Илд байна!” гэж гурван удаа хэл. Энэ бол олон хүнийг хядаж, тал бүрээс нь дайрч үй олноор нь хөнөөх илд юм. 15 Тэд айн зүрх алдаж, олон хүн хотынхоо хаалганы дэргэд унана. Би илдээр алж хядна. Энэ илд цахилгаан мэт гялалзах бөгөөд хүмүүсийг хядахын тулд өнгөлөгджээ! 16 Илд чи баруун солгойгүй цавч! Ир чинь хаашаа харна, тийшээ цохь! 17 Би бас алгаа ташна. Тэгээд уур минь гарна. Ехова би өөрөө айлдлаа».
18 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 19 «Хүний хүү чи Вавилоны хааны илдэнд зориулж хоёр зам зур. Хоёулаа нэг газраас эхлэх ёстой. Хоёр хот руу салсан замын уулзвар дээр замын тэмдэг тавь. 20 Илдний явах нэг зам аммончуудын хот Рабба руу, нөгөө нь Иудагийн бэхлэгдсэн хот Иерусалим руу чиглэхийг зааж тэмдэглэ. 21 Вавилоны хаан салаа замын уулзвар дээр зогсоод мэргэлнэ. Тэрбээр сумнуудыг сэгсэрнэ. Шүтээнүүдтэйгээ* зөвлөлдөж элгийг шинжинэ. 22 Түүний баруун гарт буусан мэргэнд Иерусалим руу явж, хэрэм нураагчдыг тавьж, хүмүүсийг хядах тушаал өгч, дайны уухай хадаан, дааман хаалга нураагчдыг тавьж, бүслэлтийн далан барьж, бүслэлтийн хана босгох тухай байх юм. 23 Тэдэнд* тангарагласан хүмүүст* энэ мэргэ худал мэт санагдана. Гэвч тэрбээр тэднийг буруутайг нь санаад барьж авна.
24 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Та нар бүх л үйлдлээрээ алдаа дутагдлаа илчилж, гэм нүглээ харуулан буруутай гэдгээ санууллаа. Өөрсдийгөө сануулсан та нарыг хүчээр авч явна” хэмээн айлдаж байна.
25 Үхлийн шарх авсан Израилын хорон санаат удирдагч аа, шийтгүүлэх цаг чинь ирлээ. 26 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Толгойн ороолтыг тайлж, титмийг авч хая. Цаашид энэ хэвээрээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, дээр байгаа нэгнийг дорд болго. 27 Би үүнийг сүйрүүлнэ, сүйрүүлнэ, сүйрүүлнэ. Хууль ёсны эрхтэй нэгнийг иртэл энэ нь хэнийх ч биш байх юм. Тэгээд би түүнд өгнө”.
28 Хүний хүү чи зөгнөж ийн хэлэгтүн. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова аммончууд болон тэдний доромжлолын талаар айлдаж байна. “Илд байна! Олон хүнийг хөнөөхөөр илдийг сугалжээ. Хүмүүсийг хядаж, цахилгаан мэт гялалзуулахын тулд энэ илдийг өнгөлжээ. 29 Чиний тухай хуурамч үзэгдэл хэлж, худал мэргэллээ ч шийтгүүлэх цаг нь болоод алуулсан хорон санаатнууд дээр* чиний оршин суугчдын хүүрийг овоолно. 30 Илдийг хуйнд нь хий. Би чамайг бүтээгдсэн газар дээр чинь, бий болсон нутагт чинь шүүнэ. 31 Би чамд уураа гаргана. Хилэнгийн галаараа чам руу тургина. Би чамайг хэрцгий хүмүүст, сүйрүүлэхдээ гарамгай хүмүүст тушаана. 32 Чи галын түлш болно. Цус чинь энэ нутагт урсана. Хойшид чамайг хэн ч дурсахгүй. Ехова би айлдлаа”».