Езекиел
17 Ехова дахин надтай ярьсан нь: 2 «Хүний хүү минь, Израилын ард түмний тухай таавар таалгаж, зүйр үг хэл. 3 Ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Асар том далавч, урт урт өд, өнгө өнгийн өтгөн саглагар сөдтэй аварга бүргэд Ливанд нисэн ирж хуш модны орой дээр суув. 4 Тэгээд хамгийн дээр байсан мөчрийг тасдан авч худалдаачдын* нутагт, худалдаачдын хотод авчирч тавьжээ. 5 Дараа нь тэр нутгаас хэсэг үр авч үржил шимтэй талбайд суулган, ус чийг ихтэй газрын уд мод адил тарив. 6 Үр соёолж, намхан саглагар усан үзмийн мод болов. Навч нахиа нь хэмжээнээсээ хэтэрч сунаагүй бөгөөд үндэс нь доороо ургав. Усан үзмийн ороонго болж мөчир гарган салаалж ургав.
7 Том далавч, том өд сөдтэй өөр нэг аварга бүргэд ирэв. Өнөөх усан үзмийн ороонго суулгагдсан газраасаа хэтэрч бүргэд рүү үндсээ эрчимтэй сунган, түүгээр услуулахаар навчсаа түүний зүг ургуулжээ. 8 Үнэн хэрэгтээ мөчир ургуулж, жимс гарган, аварга том усан үзмийн ороонго болох гэж ус чийг ихтэй сайхан газар аль хэдийн суулгагдсан билээ»”.
9 Ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Усан үзмийн энэ ороонго цэцэглэх үү? Хэн нэг нь үндсийг нь суга татан гаргаж, жимсийг нь ялзруулж, нахиаг нь хатаахгүй гэж үү? Хув хуурай болох учраас үндсээр нь сугалахад хүчтэй гар, олон хүн хэрэггүй. 10 Шилжүүлэн суулгасан ч цэцэглэх үү? Дорнын салхи үлээхэд хатаж хорчийхгүй гэж үү? Тийм ээ, соёолсон газартаа хатаж хорчийно»”».
11 Ехова дахин надтай ярьсан нь: 12 «Тэрслүү ард түмнээс “Энэ бүхэн ямар утгатайг та нар ойлгохгүй байна уу?” гэж асуугаарай. Бас ингэж хэл. “Вавилоны хаан Иерусалимд ирж хааныг нь ноёдтой нь Вавилон руу авч явсан билээ. 13 Тэрбээр хааны удмаас* нэг хүнийг сонгон түүнтэй гэрээ байгуулж тангараг өргүүлсэн. Тэгээд нутгийн нөлөө бүхий хүмүүсийг авч явсан. 14 Ингэснээр энэ хаант улс доройтож, дахин сэхэхгүй болсон бөгөөд гэрээгээ сахиж байсан цагтаа л оршин тогтнох юм. 15 Гэвч хаан эцэст нь түүнд тэрсэлж морьд, их цэрэг авахаар Египет рүү элч довтолгосон. Тэрбээр амжилт олох уу? Ийм юм хийдэг хүн шийтгэлээс мултрах уу? Гэрээг зөрчөөд аврагдах уу?”.
16 “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Тэрбээр тангаргаа үл тоомсорлож, гэрээгээ зөрчсөн учир Вавилонд буюу өөрийг нь* хаан болгосон хааны* байгаа газар үхнэ. 17 Вавилончууд олон хүнийг хөнөөхөөр бүслэлтийн далан барьж, бүслэлтийн хана босгоно. Тэр үед фараоны нүсэр арми, шороон түмэн цэрэг түүнд өчүүхэн ч тус болохгүй. 18 Тэрбээр тангаргийг үл тоомсорлож, гэрээг зөрчсөн. Амласан атлаа энэ бүхнийг хийсэн учир тэрбээр аврагдахгүй»”.
19 “Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. «Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Тангаргийг минь үл тоомсорлож, гэрээг минь зөрчсөний хариуцлагыг би түүнээс нэхнэ. 20 Би түүн дээр тороо хаяхад тэрбээр агнуурын торонд минь орно. Би түүнийг Вавилонд аваачиж, надад үнэнч бус байсных нь улмаас тэнд шүүнэ. 21 Оргон зугтсан цэргүүд нь бүгд илдээр хөнөөгдөж, үлдсэн нь зүг бүрд тарж бутарна. Ехова би ярьсныг тэгэхэд та нар мэдэх болно»”.
22 “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Би сүрлэг хуш модны оройгоос мөчир авч тарина. Хамгийн дээр байгаа найлзуурыг авч өндөр сүрлэг уулан дээр би өөрөө суулгана. 23 Би үүнийг Израилын өндөр ууланд тарихад салаа мөчрүүд нь ургаж, самар жимс гарган, сүрлэг сайхан хуш болно. Зүйл зүйлийн шувууд доор нь үүрлэж, навчсынх нь сүүдэрт амьдарна. 24 Ехова би өндөр модыг дорд болгож, намхан модыг өргөмжилж, ногоон модыг хатааж, хатсан модыг цэцэглүүлснийг хээрийн бүх мод мэдэх болно. Ехова би үүнийг айлдаж, хийж гүйцэтгэсэн юм»”».