Езекиел
14 Израилын зарим ахлагч хүрч ирээд миний өмнө суув. 2 Тэгтэл Ехова надад үгээ айлдлаа. 3 «Хүний хүү минь, энэ хүмүүс жигшүүрт шүтээнээ* дагахаар эргэлт буцалтгүй шийдсэн бөгөөд бусдын өмнө бүдрүүлэх саад тавьж нүгэл үйлдэхэд хүргэсэн юм. Би тэдний асуултад хариулах ёстой юу? 4 Одоо тэдэнд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Хэрэв израил хүн жигшүүрт шүтээнээ дагахаар эргэлт буцалтгүй шийдсэн бөгөөд хүмүүсийн өмнө бүдрүүлэх саад тавьж нүгэл үйлдэхэд хүргэн, дараа нь юм асуухаар зөнч дээр очвол Ехова би түүнд жигшүүрт олон шүтээнийх нь тоогоор зохих хариуг нь өгнө. 5 Израилын ард түмэн бүгд надаас холдож, жигшүүрт шүтээнүүдээ дагасан тул би зүрхэнд нь айдас хуруулна»”.
6 Израилын ард түмэнд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Жигшүүрт шүтээнүүдээ хаяж, бузар хэрэг хийхээ болиод эргэж ирэгтүн. 7 Израил хүн, Израилд амьдардаг гадаадын иргэний аль нь ч байсан надаас холдож, жигшүүрт шүтээнүүдээ дагахаар эргэлт буцалтгүй шийдэн, хүмүүсийн өмнө бүдрүүлэх саад тавин нүгэл үйлдэхэд хүргэж, дараа нь юм асуухаар миний зөнч дээр ирвэл Ехова би өөрөө түүнд хариулна. 8 Би түүнд дайсагнан, түүнийг анхааруулга, зүйр үг болгож, ард түмнийхээ дундаас устгана. Тэгэхэд та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно»”.
9 “Хэрэв тэр зөнч хууртаж, хариу өгсөн бол Ехова би түүнийг хуурсан хэрэг юм. Би түүн рүү мутраа сунган Израилын ард түмний дундаас устгана. 10 Тэд нүглийнхээ хариуцлагыг хүлээх ёстой. Зөнчөөс асуусан хүний гэм нүгэл зөнчийнхтэй адил байх болно. 11 Ингэснээр Израилын ард түмэн надаас холдон тэнүүчилж, нүгэл үйлдэн өөрсдийгөө бузарлахаа болих юм. Тэд миний ард түмэн, би тэдний Бурхан болно” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».
12 Ехова дахин надтай ярьсан нь: 13 «Хүний хүү минь, хэрэв аливаа нутгийн ард түмэн итгэлийг минь эвдэн миний эсрэг нүгэл үйлдвэл би тэдний өөдөөс мутраа сунган хүнснийх нь нөөцийг устгаж, өлсгөлөнд нэрвүүлж, хүн амьтныг нь хүйс тэмтэрнэ». 14 «“Тэдний дунд Ноа, Даниел, Иов нар байлаа гэхэд энэ гурван хүн зөв шударгынхаа ачаар өөрсдөө л аврагдана” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна».
15 «“Эсвэл би зэрлэг догшин амьтдыг энэ нутагт аваачлаа гэж бодъё. Тэгвэл тэд газар нутгийг нь цөлмөж*, эзгүйрүүлэх ба тэр араатнуудаас болж хэн ч дайран өнгөрөхгүй болно. 16 Энэ гурван хүн энд байлаа ч хөвгүүд, охидоо аварч чадахгүй, зөвхөн өөрсдөө л аврагдах ба энэ нутаг эзгүйрэн хоосорно гэдгийг амьд Бурхан би өөрөөрөө тангараглая” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна».
17 «“Эсвэл би энэ нутагт илд авчирч «Илд энэ нутгаар дайран өнгөрөг» гэж хэлээд хүн амьтныг нь хүйс тэмтэрлээ гэхэд 18 энэ гурван хүн энд байлаа ч хөвгүүд, охидоо аварч чадахгүй, өөрсдөө л аврагдана гэдгийг амьд Бурхан би өөрөөрөө тангараглаж байна” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна».
19 «“Эсвэл би энэ нутаг руу тахал илгээж, цус урсгах явдлыг өдөөн, уур хилэнгээ гаргаж хүн амьтныг нь хүйс тэмтэрлээ гэхэд 20 Ноа, Даниел, Иов нар энд байлаа ч хөвгүүд, охидоо аварч чадахгүй, өөрсдөө л зөв шударгынхаа ачаар аврагдана гэдгийг амьд Бурхан би өөрөөрөө тангараглая” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна».
21 «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Намайг энэ дөрвөн шийтгэлийг буюу илд, өлсгөлөн, догшин араатан, тахлыг Иерусалим руу илгээж хүн амьтныг нь хүйс тэмтрэхэд ийм юм болно. 22 Гэвч үлдсэн зарим хүн, түүний дотор хөвгүүд, охид зугтаж, тэндээс гарч та нар дээр ирнэ. Та нар тэдний явдал үйлийг хараад Иерусалимд миний учруулсан гамшиг, миний хийсэн бүхний учрыг ойлгоод тайвшрах нь гарцаагүй”».
23 «“Та нар тэдний явдал үйлийг хараад тайвширч, миний хийсэн бүхэн ямар ч шалтгаангүй биш гэдгийг мэдэх болно” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».