Езекиел
11 Агуу хүч* намайг өргөж Еховагийн өргөөний зүүн хаалган дээр аваачлаа. Тэр хаалга нь зүүн тийшээ харсан байв. Үүдэнд нь 25 хүн байх бөгөөд тэдний дунд ард түмний захирагч Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар байхыг би харлаа. 2 Тэгэхэд Бурхан надад хэлсэн нь: «Хүний хүү минь, эд нар бол бузар булайг сэдэж, энэ хотынхонд* буруу зөвлөгөө өгдөг хүмүүс юм. 3 Тэд: “Одоо байшин барих цаг биш гэж үү? Хот* бол тогоо, бид бол мах” гэж ярьж байна.
4 Тиймээс тэдний тухай зөгнө. Хүний хүү минь, зөгнө».
5 Еховагийн агуу хүч над дээр буув. Тэрбээр надтай ярьсан нь: «Ингэж хэл. “Ехова ийнхүү айлдаж байна. «Та нарын хэлдэг зөв өө, Израилын ард түмэн минь. Та нарын юу бодож байгааг би мэдэж байна. 6 Та нараас болж энэ хотод олон хүн үхсэн. Та нар гудамжнуудыг нь үхэгсдээр дүүргэсэн»”». 7 «Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Хотоор нэг тараан хаясан үхдэлүүд чинь мах, хот чинь тогоо юм. Гэвч та нарыг хотоос гаргана” хэмээн айлдаж байна».
8 «“Та нар илднээс айдаг байсан. Гэвч би та нар луу илд илгээнэ” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 9 “Би та нарыг хотоос гаргаж харийнхны гарт тушаан та нар дээр оноосон ялаа гүйцэтгэнэ. 10 Та нар илдээр хөнөөгдөнө. Би та нарыг Израилын хил дээр шүүж, та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно. 11 Энэ хот та нарын хувьд тогоо болохгүй, та нар ч түүн доторх мах болохгүй. Би та нарыг Израилын хил дээр шүүж, 12 та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно. Учир нь та нар миний тогтоолыг дагаж, шийдвэрийг минь хэрэгжүүлэхийн оронд эргэн тойрныхоо үндэстнүүдийн шийдвэрийг дагасан”».
13 Намайг зөгнөж дуусмагц Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Би түрүүлгээ харан унаж чанга дуугаар «Ээ халаг, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь! Та үлдсэн израилчуудыг хүйс тэмтрэх юм гэж үү?» хэмээн хашхирав.
14 Ехова дахин надтай ярин ингэж хэлсэн нь: 15 «Хүний хүү минь, Иерусалимын оршин суугчид: “Еховагаас хол бай. Энэ бол манай газар. Үүнийг бидэнд өв болгон өгсөн юм” гэж чиний ах дүү нарт, дахин худалдан авах эрхтэй хүмүүст, мөн хамаг Израилд хэлсэн. 16 Тиймд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Хэдийгээр би тэднийг алс холын үндэстнүүд рүү хөөн зайлуулж, газар нутгуудаар тараасан боловч очсон нутгуудад нь хэсэг хугацаанд би тэдний сүм нь болно»”.
17 Тиймд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Та нарын тарж очсон газар орноос, ард түмнүүдийн дундаас би та нарыг цуглуулна. Тэгээд та нарт Израилын нутгийг өгнө. 18 Та нар буцаж очоод хамаг жигшүүрт зүйлийг энэ нутгаас зайлуулж, бузар булай явдлыг таслан зогсооно. 19 Би та нарын зүрх сэтгэлийг нэгтгэж*, та нарыг шинэ хандлагатай болгоно. Би та нарын биеэс чулуун зүрхийг авч хаяад та нарт махан зүрх* өгнө. 20 Ингэснээр та нар хууль тогтоолыг минь дагаж, шийдвэрийг минь хэрэгжүүлэх юм. Та нар миний ард түмэн, би та нарын Бурхан болно»”.
21 “«Харин жигшүүрт зүйл, бузар булай явдлаас зүрх сэтгэлээ татаж авахгүй байгаа хүмүүсийн тухайд, үйлсийнх нь үр дагаврыг би тэдэнд амсуулна» гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна”».
22 Херубууд далавчаа дээш нь өргөлөө. Дугуйнууд тэдний дэргэд, харин Израилын Бурхны суу алдар тэдний дээр байв. 23 Дараа нь Еховагийн суу алдар хотоос дээш хөөрч, хотын зүүн талын уулан дээгүүр тогтлоо. 24 Тэгтэл Бурхны агуу хүч* намайг өргөн явсаар Халдей дахь олзны хүмүүс дээр аваачив. Энэ нь Бурхны агуу хүчний нөлөөгөөр үзсэн үзэгдэл дотор болсон явдал юм. Ингээд үзсэн үзэгдэл минь замхран арилав. 25 Би Еховагийн үзүүлсэн бүхнийг олзны хүмүүст ярьсан юм.