Иеремиа
48 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова Моабын талаар айлдсан нь:
«Небо золгүй еэ! Учир нь тэрбээр устгагдсан.
Кириатаим гутамшиг болж, эзлэгдсэн.
Найдвартай хоргодох газар шившиг болж, сүйтгэгдсэн.
2 Моабыг хэн ч магтахгүй болно.
Дайснууд түүнийг сүйрүүлэхээр Хешбонд хуйвалдан
“Очиж тэр үндэстнийг устгая” гэсэн.
Мадмен аа, чи ч бас дуугүй бай.
Чамайг илд дагаж байна.
3 Хоронаим унаж, бүрмөсөн сүйрчээ.
Орилж хашхирах дуу тэндээс сонсогдоно.
4 Моаб сүйрчээ.
Хүүхэд багачууд нь уйлалдана.
5 Тэд Лухит өөд уйлан хайлан явна.
Хоронаимаас буухдаа гамшиг зовлонгоос болж гашуунаар уйлалдах дууг сонсоно.
6 Зугт, амиа авар!
Зэлүүд газрын арц мод шиг бол.
7 Ажил үйлс, алт эрдэнэстээ найддаг учир
Чи ч бас баригдана.
Хемош бурхан чинь тахилчид, ноёдтойгоо
Олзлогдон явна.
8 Хот бүрд дайсан цөмрөн орж ирнэ.
Нэг ч хот аврагдахгүй.
Еховагийн хэлснээр, тал хөндий устаж үгүй болно.
Тэгш өндөрлөг устгагдана.
9 Моабын төлөө замын тэмдэг тавь.
Хотууд нь нурахад хүмүүс нь зугтана.
Хотууд нь оршин суугчгүй,
Аймшигт балгас болно.
10 Еховагийн даалгаврыг биелүүлэхдээ хойрго хүн хараагдана!
Цус урсгахаас хойш сууж илдээ хураасан хүн хараагдана!
11 Моабчууд бага залуугаасаа амар түвшин амьдарч ирсэн.
Нэг савнаас нөгөөд юүлж
Тунадсыг нь бужигнуулаагүй дарс шиг байсан.
Тэд хэзээ ч олзлогдоогүй юм.
Тийм ч учраас амт нь хэвээрээ,
Үнэр нь өөрчлөгдөөгүй.
12 Ехова ийн тунхаглаж байна. “Тэднийг хөмрүүлэхээр хүмүүсийг илгээх цаг минь болох гэж байна. Тэр хүмүүс тэднийг хөмрүүлэн, савыг нь хоосолж, том том ваарыг нь хага цохино. 13 Израйлчууд итгэл найдвар болсон Бетелээсээ ичсэн шиг, моабчууд Хемошоос ичнэ.
14 «Бид дайн тулаанд ороход бэлэн, хүчирхэг дайчид» гэж та нар яаж хэлж зүрхэлнэ вэ?”
15 “Моаб устгагдсан.
Хотууд нь довтолгоонд өртсөн.
Шилмэл залуус нь хядуулсан” гэж
Тэнгэрийн цэргийн жанжин Ехова нэртэй Хаан тунхаглаж байна.
16 Моабчууд удахгүй сүйрнэ.
Мөхөл нь асар хурдан ойртож байна.
17 Эргэн тойрныхон нь бүгдээрээ,
Нэрийг нь мэддэг бүхэн түүнийг өрөвдөнө.
“Суу алдар, сүр хүчнийх нь таяг ингэж хугарах ч гэж дээ!” хэмээн тэдэнд хэл.
18 Дибонд оршин суудаг охин минь,
Алдрын суудлаасаа бууж, ангаж цанган* суу.
Моабыг устгагч өөдөөс чинь ирж байна.
Бэхлэлтүүдийг чинь нураах гэж байна.
19 Ароерын оршин суугч аа, замын хажууд зогсоод хар.
Зугтаж буй эрээс, дүрвэж буй эмээс “Юу болов?” гэж асуу.
20 Моаб шившиг болж, айдаст автав.
Цурхиран уйлж, орилж хашхир.
Моаб устгагдсан гэж Арнонд очиж мэдэгд.
21 Бурхан тэгш өндөрлөгийг шүүсэн. Холон, Иахаз, Мефаат, 22 Дибон, Небо, Бет-диблатаим, 23 Кириатаим, Бет-гамул, Бет-меон, 24 Кериот, Бозраг болон Моабын нутаг дэвсгэр дээрх хол ойрын бүх хотыг шийтгэсэн юм.
25 “Моаб хүчин мөхөстсөн*.
Гар нь хугарсан” гэж Ехова тунхаглаж байна.
26 “Еховатай сөргөлдөн өөрийгөө өргөмжилсөн Моабыг согтоо.
Тэрбээр бөөлжсөндөө хөлбөрч
Олны элэг доог болно.
27 Чи Израйлыг шоолдог байсан биш үү?
Тэр хулгай хийж байгаад баригдсан хэрэг үү?
Тэгээд чи толгой сэгсрэн муулж байсан юм уу?
28 Моабын оршин суугчид аа, хотуудаасаа явж хад чулуун дунд амьдрагтун.
Хадан хавцалд үүрээ засдаг тагтаа шиг бологтун”».
29 «Моаб хэрхэн бардамнадгийг бид сонссон.
Туйлын бардам түүний их зан, бардамнал, дээрэнгүй зан, аархлын тухай сонссон».
30 «Ехова ийн айлдаж байна. “Би түүний догшин ширүүн авирыг мэднэ.
Түүний сайрхал хоосон.
Тэд юу ч хийж чадахгүй.
31 Тийм учраас би Моабын төлөө уйлна.
Моабчуудын төлөө хашхирна.
Кир-хересийн хүмүүсийн хойноос гашуудна.
32 Сибмагийн усан үзмийн мод оо,
Би Иазерын хойноос гашуудахаас илүүтэйгээр чиний хойноос гашуудна.
Саглагар мөчрүүд чинь тэнгисийг гатлав.
Тэд тэнгист, Иазерт хүрч очив.
Зуны жимс, усан үзмээ хураах үеэр чинь
Устгагч бууж ирэв.
33 Баяр хөөр, баясал цэнгэл жимсний цэцэрлэгээс,
Моабын нутгаас үгүй болжээ.
Усан үзэм шахдаг газраас дарс урсахыг би зогсоов.
Хэн ч баярын дуу хадаан усан үзэм гишгэхгүй.
Хашхираан сонсогдох боловч баярлан хашхирах дуу биш байх юм”».
34 «“Хашхирах дуу Хешбоноос Елеалед сонсогдоно.
Иахазад ч тод сонсогдоно.
Орилох дуу Зоараас Хоронаим ба Еглат-шелишиад сонсогдоно.
Нимримийн уснууд ч ширгэж хатна.
35 Би өндөрлөг дээр өргөл авчирдаг хүнийг,
Бурхандаа тахил өргөдөг хүнийг
Моабаас зайлуулна” гэж Ехова тунхаглаж байна.
36 “Тийм учраас сэтгэл зүрх минь Моабын төлөө лимбэ* адил гэнгэнэнэ.
Кир-хересийн хүмүүсийн төлөө лимбэ адил гэнгэнэнэ.
Хурааж хуримтлуулсан хөрөнгө нь үгүй болно.
37 Бүх хүний толгой халзан,
Бүгд сахлаа хусжээ.
Гараа сийчиж
Ташаагаараа таар ороожээ!”».
38 «“Моабын байшин бүрийн дээвэр дээр,
Нийтийн бүх талбайд нь
Уйлаан майлаанаас өөр юу ч сонсогдохгүй.
Учир нь би Моабыг
Хэрэгцээгүй ваар шиг хага шидсэн” гэж Ехова тунхаглаж байна.
39 “Ард түмэн нь* айдаст автжээ. Уйлж гашууд!
Моаб ичсэндээ цаашаа харав.
Олны элэг доог болов.
Эргэн тойрныхоо улсуудын айдсыг төрүүлэв”».
40 «Ехова ингэж айлдаж байна.
“Тэрбээр доош шунган нисэх бүргэд мэт
Моабын дээгүүр далавчаа дэлгэнэ.
41 Хот суурингууд нь эзлэгдэнэ.
Бэхлэлтүүд нь дайсны гарт орно.
Тэр өдөр Моабын дайчдын зүрх
Хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг болно”».
42 «“Моаб устгагдаж, үндэстэн байхаа болино.
Учир нь тэрбээр Еховатай сөргөлдөж өөрийгөө өргөмжилсөн юм.
43 Моабын оршин суугч аа,
Өмнө чинь айдас, нүх, урхи байна” гэж Ехова айлдаж байна.
44 “Айдсаас зугтсан нь нүхэнд унана.
Нүхнээс гарсан нь урхинд орно.
Учир нь Моабыг шийтгэхээр товлосон жил минь болох гэж байна” гэж Ехова айлдаж байна.
45 “Зугтагчид Хешбоны сүүдэрт хүчин мөхөстөн зогсоно.
Хешбоноос гал,
Сихоноос дөл гарч
Моабын духыг хуйхална.
Омог ихтэй дайчдынх нь гавлыг шатаана”.
46 “Моаб аа, чи золгүй еэ!
Хемошийн хүмүүс үхэж үрэгдсэн.
Хөвгүүд чинь баригдаж,
Охид чинь олзлогдсон.
47 Эцсийн өдрүүдэд би олзлогдсон моабчуудыг цуглуулна.
Моабыг шүүх мэдээ ингээд дууслаа” гэж Ехова айлдаж байна».