Езекиел
2 Дараа нь тэр надад «Хүний хүү* минь, босогтун. Чамтай ярья» гэв. 2 Түүнийг надтай ярьж байхад агуу хүч над руу орж намайг хөл дээр минь босгов. Тэгээд би түүний яриаг сонсож чадахаар боллоо.
3 Тэрбээр ингэж ярив. «Хүний хүү минь, би чамайг Израилын ард түмэн рүү, надад тэрсэлж ирсэн тэрслүү үндэстнүүд* рүү явуулах гэж байна. Тэд эцэг өвгөдийнхөө адил өнөөдрийг хүртэл миний эсрэг нүгэл үйлдэж ирсэн. 4 Би чамайг эсэргүү*, зөрүүд хүмүүс рүү явуулах гэж байна. Чи тэдэнд “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна” гэж хэлэх ёстой. 5 Тэд тэрслүү хүмүүс учраас сонсох ч бай, үгүй ч бай, дунд нь зөнч байсан гэдгийг лавтайяа мэдэх болно.
6 Хүний хүү, чамайг халгай, өргөст ургамал хүрээлж*, чи хилэнцэт хорхойн дунд амьдарч байгаа ч тэднээс бүү ай, хэлэх үгээс нь бүү сүрд. Тэд тэрслүү ард түмэн учраас хэлэх үгээс нь бүү ай, царайг нь хараад бүү сандар. 7 Тэд тэрслүү хүмүүс учраас сонсох ч бай, үгүй ч бай, чи миний үгийг тэдэнд дамжуулах ёстой.
8 Харин хүний хүү чи хэлэх үгийг минь сонс. Энэ тэрслүү ард түмэн шиг бүү тэрслүү бол. Амаа ангайж, миний өгөх зүйлийг ид».
9 Намайг харсаар байтал нэг гар над руу сунаад ирэв. Тэр гарт хуйлмал ном байлаа. 10 Тэрбээр уг номыг өмнө минь дэлгэхэд ар өвөргүй бичиг бичсэн байв. Гашуудлын дуу, эмгэнэл, гаслангийн тухай бичжээ.