Нэгдүгээр Самуел
5 Филистчүүд жинхэнэ Бурхны авдрыг булаагаад Ебенезерээс Ашдодод аваачжээ. 2 Тэд жинхэнэ Бурхны авдрыг Дагоны сүмд аваачин Дагон бурхны хажууд тавив. 3 Ашдодчууд маргааш өглөө нь эрт босоод хартал Дагон бурхан нь Еховагийн авдрын өмнө доошоогоо хараад уначихсан байлаа. Тэд бурхнаа байранд нь буцааж тавив. 4 Дараах өдөр нь эрт босоод хартал Дагон бурхан нь бас л Еховагийн авдрын өмнө доошоогоо хараад уначихсан байжээ. Толгой, хоёр гар нь босгон дээр тасраад уначихсан байв. Их бие* нь бүтнээрээ байлаа. 5 Тийм болохоор түүнээс хойш Дагоны тахилчид болон Ашдодод байдаг Дагоны сүмд орсон хэн боловч босгон дээр гишгэдэггүй болжээ.
6 Ехова ашдодчуудыг хатуу шийтгэн Ашдод болон тэр хавийн хүмүүсийг шамбарам* өвчнөөр сүйрүүлэв. 7 Үүнээс болоод Ашдодын эрчүүд: «Израйлын Бурхны авдрыг энд байлгаж болохгүй юм байна. Тэрбээр биднийг ч, Дагон бурхныг маань ч хатуу шийтгэлээ» гэв. 8 Тэгээд хүн явуулж Филистийн ноёдыг цуглуулан «Израйлын Бурхны авдрыг яах вэ?» гэж асуухад тэд: «Израйлын Бурхны авдрыг Гат руу аваачъя» гэлээ. Ингээд Израйлын Бурхны авдрыг тийш нь аваачжээ.
9 Авдрыг Гатад аваачихад Ехова тэндхийн хүмүүсийг шийтгэж, асар их үймээн самуун дэгдээв. Хүмүүсийг нь хөгшин залуу гэлтгүй бүгдийг нь шамбарамаар өвчлүүлэв. 10 Тэд жинхэнэ Бурхны авдрыг Екрон руу зөөжээ. Гэвч тэнд авчирмагц екрончууд: «Израйлын Бурхны авдрыг энд авчирч биднийг, ард олныг маань хөнөөх гээ юү?» гэж хашхиралджээ. 11 Тиймээс тэд хүн явуулж Филистийн бүх ноёныг цуглуулаад «Израйлын Бурхны авдрыг эндээс авч яваач. Байсан газарт нь буцааж аваачвал бид ч, ард түмэн маань ч үхэхгүй шүү дээ» гэцгээв. Хотынхныг бүгдийг нь үхлээс айх айдас нөмөрсөн байлаа. Жинхэнэ Бурхан хотынхныг хатуу шийтгэж, 12 амьд үлдсэн хүмүүсийг нь шамбарамаар өвчлүүлжээ. Хотынхон тэнгэр өөд тусламж эрэн хашхирч байлаа.