Езекиел
27 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, Тирийн тухай гашуудлын дуу дуулж 3 Тирт ингэж хэл.
“Тэнгисийн хаалганы дэргэд оршин суудаг,
Олон арлын үндэстнүүдтэй худалдаа хийдэг нэгэн минь,
Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна.
«Тир ээ, чи өөрөө “Би үзэсгэлэн төгс билээ” гэж хэлсэн.
4 Нутаг дэвсгэр чинь тэнгисийн зүрхэнд оршдог.
Барилгачид чамайг үзэмж төгөлдөр барьжээ.
5 Тэд чиний бүх банзыг Сенирийн арц модоор хийжээ.
Ливанаас хуш авчирч чамд шураг хийжээ.
6 Сэлүүрийг чинь Башаны царсаар,
Хошуу хэсгийг чинь майлс модоор хийж, Киттимийн арлуудаас авчирсан зааны соёогоор чимэглэжээ.
7 Египетээс авчирсан олон өнгийн маалингаар дарвуулыг чинь урлаж,
Елишагийн арлуудаас авчирсан хөх утас, ягаан ноосоор тавцангийн чинь сүүдрэвчийг хийжээ.
8 Сидон ба Арвадын оршин суугчид чиний сэлүүрчид байсан.
Тир ээ, чадварлаг хүмүүс чинь чиний далайчид байсан.
9 Гебалын туршлагатай, чадварлаг хүмүүс завины чинь цоорхойг бөглөдөг байсан.
Тэнгисийн бүх хөлөг онгоц ба далайчид худалдаа хийхээр чам дээр ирдэг байсан.
10 Перс, Луд, Путын эрчүүд их цэргийг чинь бүрдүүлж дайн тулаанд ордог байв.
Тэд бамбай, дуулгаа чиний хэрмэн дээр өлгөж алдар сууг чинь мандуулсан юм.
11 Армид чинь байдаг Арвадын эрчүүд чамайг тойрсон хэрмэн дээр чинь байраа эзэлж,
Зоригт эрс цамхгууд дээр чинь зогсдог байв.
Тэд хэрмийг чинь тойруулан дугуй бамбайгаа өлгөж
Чамайг үзэмж төгс болгодог байв.
12 Чи асар их эд хөрөнгөтэй учраас Таршиш чамтай худалдаа хийдэг байсан. Бараа таваарыг чинь мөнгө, төмөр, цагаан тугалга, хар тугалгаар худалдаж авдаг байсан. 13 Иаван, Тубал, Мешех чамтай наймаа хийж боол, зэс эдлэлээр барааг чинь сольж авдаг байв. 14 Тогармагийн хүмүүс чамаас адуу мал, агт морьд, луусаар эд бараа худалдаж авдаг байсан. 15 Деданы хүмүүс чамтай наймаа хийдэг байсан. Чи олон арал дээр худалдаачид хөлсөлсөн. Тэд чамд алба гувчуур болгож зааны соёо, хар зандан мод өгдөг байв. 16 Арвин их бараанаас чинь Едом бас авдаг байв. Оронд нь оюу, нил ягаан ноос, өнгө өнгийн хатгамал, сайн чанарын даавуу, шүр, бадмаараг өгдөг байсан.
17 Иуда, Израил нутаг чамтай худалдаа хийж Миннитийн улаан буудай, сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн, зөгийн бал, тос, гүгэл* өгдөг байсан.
18 Дамаск элбэг дэлбэг бараа таваар, эд баялгийг чинь Хелбоны дарс, Захарын хонины ноосоор сольж авдаг байсан. 19 Узалын ойролцоох Ведан, Иаваны хүмүүс төмөр, кассиа*, годил өвсөөр* чиний барааг сольж авдаг байсан. 20 Дедан чамтай эмээлийн тохом* наймаалцдаг байлаа. 21 Чиний хөлсөлсөн арабууд, Кедарын бүх захирагч хурга, хуц, ямаагаар худалдаа арилжаа хийдэг байв. 22 Шеба, Раамагийн наймаачид чамтай худалдаа хийдэг байсан. Тэд бүх төрлийн сайн чанарын анхилуун үнэртэн, эрдэнийн чулуу, алтаар барааг чинь авдаг байв. 23 Харан, Канне, Еден, Шебагийн худалдаачид, Ашур, Хилмад чамтай худалдаа хийдэг байсан. 24 Тэд тансаг хувцас, өнгө өнгийн хатгамалтай хөх даавуун нөмрөг, эрээн хивсийг бүгдийг нь олсоор сайтар баглаж авчраад чиний зах дээр худалдаалдаг байв.
25 Таршишийн хөлөг онгоцны цуваа чиний төлөө бараа зөөдөг байсан.
Чи тэнгисийн дунд эд баялаг, ачаа бараагаар дүүрэн* байлаа.
26 Сэлүүрчид чинь чамайг догшин тэнгист аваачихад
Дорнын салхи чамайг тэнгисийн голд сүйрүүлсэн.
27 Чиний эд хөрөнгө, бараа таваар, далайчид,
Завины чинь цоорхойг бөглөгчид, эд барааг чинь худалдаалагчид, цэрэг эрс гээд
Чиний дотор байдаг энэ бүх олон түмэн
Чамайг мөхөх өдөр тэнгисийн голд бүгд живнэ.
28 Далайчдыг чинь хашхирахад эрэг хавийн нутгууд доргино.
29 Сэлүүрчид, далайчид бүгд
Усан онгоцноосоо гарч хуурай газар дээр бууна.
30 Тэд чиний хойноос орилж хашхиран, уйлж гашуудан
Толгой дээрээ шороо цацаж, үнсэнд хөлбөрнө.
31 Тэд толгойнхоо үсийг хусаж, таар нөмөрнө.
Чиний хойноос гашуудаж, уйлан гасална.
32 Уйлан орилохдоо тэд гашуудлын дууг ингэж дуулна.
“Тэнгисийн дунд анир чимээгүй болсон Тиртэй адил хот байна уу?
33 Тэнгисийн тэртээгээс бараа таваар чинь ирэхэд олон үндэстэн баярладаг байсан.
Арвин их эд баялаг, бараа бүтээгдэхүүний чинь хүчинд дэлхийн хаад баяжсан билээ.
34 Харин одоо чи тэнгист сүйрч, гүн усанд живлээ.
Бүх бараа таваар, хүн ард чинь чамтай хамт живлээ.
35 Арлуудын оршин суугчид бүгдээрээ чамайг ширтэн балмагдаж,
Хаад нь айдаст автан чичирч, царай нь цонхийно.
36 Үндэстнүүдийн худалдаачид чамд тохиолдсон явдлыг дуулаад исгэрнэ.
Чи гэв гэнэт аймшигтай сүйрнэ.
Тэгээд үүрд оршин байхаа болино”»”».