Иеремиа
42 Цэргийн бүх дарга нар, Кареагийн хүү Иоханан, Хошаиагийн хүү Иезаниа, доодос дээдэс гэлтгүй бүх ард иргэд хүрч ирээд 2 Иеремиа зөнчид хэлсэн нь: «Бидний гуйлт хүсэлтийг сонсооч. Бидний төлөө, энэ үлдсэн бүх хүний төлөө Ехова Бурхнаасаа гуйн залбирч өгөөч. Асар олон хүнээс ердөө хэдхэн хүн үлдсэн байгааг та харж байгаа биз дээ? 3 Ехова Бурхан тань бидний явах ёстой замыг зааж, юу хийвэл зохихыг хэлж өгөх болтугай».
4 Иеремиа зөнч хариуд нь «За ойлголоо. Хүссэн ёсоор чинь би та нарын Бурхан Еховад залбиръя. Ехова та нарт юу гэж хариулна, би нэг бүрчлэн хэлж өгье. Та нараас ганц ч үг нуухгүй» гэж хэлэв.
5 Тэд Иеремиад хариулсан нь: «Хэрэв бид танаар хэлүүлсэн Ехова Бурхны тань зааврыг яг таг дагахгүй бол Ехова үнэнч, итгэмжтэй гэрч байн биднийг шийтгэх болтугай. 6 Ехова Бурхны маань үг бидэнд таалагдах ч бай, үгүй ч бай бид дагах болно. Бид Ехова Бурхныхаа үгийг дагавал сайн сайхан явах учраас таныг түүн рүү илгээж байна».
7 Түүнээс хойш 10 хоногийн дараа Ехова Иеремиатай ярьжээ. 8 Иеремиа Кареагийн хүү Иоханан, цэргийн бүх дарга нар, доодос дээдэс гэлтгүй бүх ард иргэдийг дуудлаа. 9 Тэгээд хэлсэн нь: «Та нар Израйлын Бурхан Еховагаас тааллыг нь гуйлгахаар намайг илгээсэн билээ. Тэрбээр ийн айлдаж байна. 10 “Та нар энэ нутагт үлдвэл би та нарыг нураахгүй, харин барьж босгоно. Үндсээр чинь сугалахгүй, харин тарьж ургуулна. Та нарт гамшиг учруулсандаа би харамсана. 11 Өөрсдийн айн сүрдээд байгаа тэрхүү Вавилоны хаанаас бүү ай”.
Ехова ийн айлдаж байна. “Түүнээс бүү ай. Учир нь би та нартай хамт байж, та нарыг аварч, түүний эрхшээлээс чөлөөлнө. 12 Би та нарыг өршөөн энэрэхэд тэрбээр та нарт өршөөл үзүүлж нутаг руу чинь буцаана.
13 Харин та нар: «Үгүй, бид энэ нутагт үлдэхгүй» гээд Ехова Бурхныхаа үгэнд эс орж 14 «Египетийн нутаг руу явъя. Тэнд дайн дажин болохгүй, эвэр бүрээн дуу сонсогдохгүй, талхгүйгээс болж өлсөнө гэж байхгүй. Бид тэндээ амьдарна» гэж хэлбэл 15 Иудагийн үлдэгсэд минь, Еховагийн үгийг сонсогтун. Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. «Та нар Египет рүү явахаар бат шийдээд, тэнд очиж амьдарвал* 16 айлгаад байсан илд чинь Египетийн нутагт та нарыг гүйцэж очно. Айлгаад байсан өлсгөлөн чинь Египетэд та нарыг дагаж очно. Та нар тэндээ үхнэ. 17 Египет рүү явж тэнд амьдрахаар шийдсэн бүх хүн илдэнд өртөж, өлсгөлөн, тахалд нэрвэгдэж үхнэ. Би тэдэн дээр гамшиг буулгахад хэн ч зугтаж чадахгүй, амьд үлдэхгүй»”.
18 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Хэрэв та нар Египет рүү явбал би Иерусалимын оршин суугчдад уурлан хилэгнэсэн шигээ та нарт уурлан хилэгнэнэ. Хүмүүс та нарыг хараад хараан зүхэж, жихүүдэс нь төрж, доромжлон гутааж, элэглэн дооглоно. Та нар энэ нутгийг дахин хэзээ ч үзэхгүй”.
19 Иудагийн үлдэгсэд минь ээ, Ехова та нарт Египет рүү битгий яв гэж хэлсэн. Та нар мэдэж ав. Би та нарт анхааруулж байна. 20 Та нар алдаанаасаа болж амиа алдана. Учир нь та нар намайг Ехова Бурхан руугаа явуулж “Бидний төлөө Ехова Бурханд маань залбирч өгөөч. Ехова Бурхны маань хэлэх бүх үгийг бидэнд хэлнэ үү. Бид биелүүлнэ” гэсэн билээ. 21 Надаар дамжуулсан үгийг нь өнөөдөр би та нарт хэллээ. Гэвч та нар Ехова Бурхныхаа үгийг авахгүй, тушаасныг нь биелүүлэхгүй. 22 Тиймээс та нар явж очоод оршин суухыг хүсэж байгаа газраа илдэнд өртөж, өлсгөлөн, тахалд нэрвэгдэж үхнэ гэдгээ баттай мэдэгтүн».