Иеремиа
40 Бие хамгаалагчдын ахлагч Небузарадан Иеремиаг суллаж Рамагаас явуулсны дараа Ехова Иеремиатай ярьжээ. Тэр үед Иерусалим, Иудагаас олзолсон хүмүүсийг Вавилон руу авч явж байсан бөгөөд Иеремиа тэдний дунд гавтай байлаа. 2 Тэгтэл бие хамгаалагчдын ахлагч түүнийг хүмүүсийн дундаас гаргаж ирээд хэлсэн нь: «Ехова Бурхан чинь энэ газар гамшиг болох талаар зөгнөж байсан. 3 Танай ард түмэн Еховад нүгэл үйлдэж, үгэнд нь ороогүй учраас Ехова хэлснээрээ гамшиг буулгажээ. Тийм болохоор та нарт ийм явдал тохиолдоод байна. 4 Одоо би чамайг суллаж, гав гинжийг чинь тайлъя. Надтай хамт Вавилон руу явах нь дээр гэж бодож байгаа бол явж болно. Би чамайг харж хамгаална. Надтай хамт Вавилон руу явмааргүй байгаа бол явах хэрэггүй. Хар даа! Энэ бүх газар нутаг өмнө чинь байна. Дуртай газар луугаа явж болно» гэв.
5 Иеремиаг хэрхэхээ шийдэж амжаагүй байтал Небузарадан түүнд «Вавилоны хааны тушаалаар Иудагийн хотуудын захирагчаар томилогдсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа руу очиж түүнтэй хамт ард түмнийхээ дунд амьдар. Эсвэл хүссэн газар луугаа яв» гэлээ.
Бие хамгаалагчдын ахлагч түүнд хоол хүнс, бэлэг сэлт өгч явуулав. 6 Ингээд Иеремиа Мизпа дахь Ахикамын хүү Гедалиа руу очсон бөгөөд нутагтаа үлдсэн ард түмнийхээ дунд, түүнтэй хамт амьдрах болжээ.
7 Вавилоны хааны зарлигаар Ахикамын хүү Гедалиа Иудагийн захирагчаар томилогдож, Вавилон руу явалгүй үлдсэн үгээгүй ядуу эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг захирахаар болсныг Иудагийн хээр талд цэргүүдтэйгээ байсан цэргийн дарга нар дуулжээ. 8 Тэгээд Мизпа руу явж Гедалиа дээр очив. Тэд бол Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хоёр хүү Иоханан, Ионатан нар, Танхуметийн хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд, маакат хүний хүү Иезаниа болон тэдний цэргүүд юм. 9 Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд болон цэргүүдэд нь тангараглан «Халдейчуудад хүчин зүтгэхээс бүү ай. Энэ нутагт амьдарч, Вавилоны хаанд хүчин зүтгэцгээ. Тэгвэл та нар сайн сайхан явна. 10 Би Мизпад байж, наашаа ирэх халдейчуудтай та нарыг төлөөлөн ярьж байх болно. Та нар дарс, зуны жимс, тос хураан агуулахууддаа хадгалж, өмчлөн авсан хотууддаа суурьшицгаа» гэж хэлжээ.
11 Вавилоны хаан зарим хүнийг Иудагийн нутагт үлдээж Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг тэдний захирагчаар томилсныг Моаб, Аммон, Едом болон бусад бүх газрын иудейчүүд бас сонсжээ. 12 Иудейчүүд бүгд тарж бутарсан газруудаасаа Иудагийн нутагт буцаж ирэх болов. Тэд Мизпа дахь Гедалиа дээр хүрч ирэв. Тэгээд дарс, зуны жимсийг их хэмжээгээр хурааж нөөцөлжээ.
13 Кареагийн хүү Иоханан болон Иудагийн хээр талд байсан цэргийн бүх дарга нар Мизпа дахь Гедалиа дээр хүрч ирэв. 14 Тэд түүнээс «Аммончуудын хаан Баалис таныг хороолгохоор Нетаниагийн хүү Ишмаелыг явуулсныг та мэдэх үү?» гэж асуусанд Ахикамын хүү Гедалиа тэдэнд итгэсэнгүй.
15 Кареагийн хүү Иоханан Мизпад буй Гедалиа дээр ирж «Би явж очоод Нетаниагийн хүү Ишмаелыг хөнөөчихье. Хэн ч мэдэхгүй. Тэр яагаад таныг алах ёстой юм бэ? Тан дээр цугларч ирсэн Иудагийн бүх хүн тарж бутран, Иудагийн үлдэгсэд мөхөх хэрэг юу байна вэ?» гэж сэм хэлэв. 16 Гэтэл Ахикамын хүү Гедалиа Кареагийн хүү Иохананд «Битгий ийм юм хий. Ишмаелын тухай чи худлаа ярьж байна» гэжээ.