Дуулал
Удирдаачид зориулав. Давидын дуу.
41 Дорд хүнийг харж ханддаг хүн жаргалтай.
Зовох цагт нь Ехова түүнийг аварна.
2 Ехова түүнийг хамгаалж, амьд байлгана.
Тэр хүн жаргалтай гэгдэх болно.
Та түүнийг хэзээ ч дайснуудад тушаахгүй.
3 Ехова түүнийг өвчтөний орон дээр хэвтэж байхад нь тэтгэнэ.
Өвчтэй байхад нь та түүнд санаа тавина*.
4 «Ехова, та намайг өршөөн нигүүлсээч.
Би таны эсрэг нүгэл үйлдсэн учир намайг эдгээгээч» гэж би хэлэв.
5 Гэвч дайснууд намайг муулж,
«Тэр хэзээ үхэж, нэр нь мартагдах бол?» гэдэг.
6 Тэдний нэг нь намайг эргэхээр ирлээ гэхэд үнэн сэтгэлээсээ ярьдаггүй.
Миний тухай муу мэдээ цуглуулаад
Гадагш гарч хаа сайгүй тараадаг.
7 Намайг үзэн ядагчид хоорондоо шивнэлдэж
Миний эсрэг муу юм сэдэн
8 «Түүнд аймшигтай юм тохиолдсон.
Одоо өвчтэй хэвтэж байгаа. Дахин босохгүй» гэдэг.
9 Талхнаас минь иддэг байсан
Итгэлт анд минь хүртэл надаас урвасан*.
10 Ехова! Намайг өршөөн нигүүлсэж, өөд нь босгооч.
Тэгвэл би тэдэнд хариуг нь өгнө.
11 Намайг дайсан дийлэхгүй бол
Таалалд тань багтсанаа мэдье.
12 Би танд үнэнч учраас та намайг дэмждэг.
Та намайг үүрд өмнөө байлгана.
13 Израйлын Бурхан Ехова
Үүрд* магтагдах болтугай.
Амен, амен.